Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орнуудын Дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Чуулга уулзалтын гол сэдэв нь Евро бүсийн орнуудын өрийн хямрал байх юм. Өдөр ирэх тусам сунжирч байгаа өрийн асуудлаас үүдэн Евро бүсийн орнууд дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь, нэр хүндээ алдсаар байна. Өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 17-нд Грек улсад болсон парламентын сонгууль нь евро оршин тогтнох эсэхийг “шийдвэрлэх” байлаа. Сонгуулиар “шинэ ардчилал” гэх консервативууд еврогоос татгалзах үзэлтэй зүүний чиг баримжаатай Срисза намыг маш бага хувийн зөрүүгээр ялсан юм. Ингэснээр тус улс Европын холбоонд үлдэх нь зарчмын хувьд шийдэгдэж байгаа ч хямралаас хэрхэн гарах төлөвлөгөө нь тодорхойгүй хэвээр байна. Тиймээс энэ удаагийн уулзалтаар Евро бүсийн орнууд санхүүгийн өнөөгийн хямралаас гарах чадвартайгаа тов тодорхой батлах хэрэгтэй болж байна.
Мексикт болж буй “Их хорь”-ийн Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх бас нэг чухал асуудал бол Олон улсын валютын сангийн /ОУВС/ нөөц буюу гишүүн орнуудын хөрөнгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Их хорь”-ийн Сангийн сайд нарын Дээд хэмжээний уулзалтаар ОУВС-гийн нөөцийг 430 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр урьдчилан хэлэлцээд энэ удаагийн уулзалтаар эцэслэн батлахаар тохиролцсон билээ. Мексикийн Ерөнхийлөгч Филипе Кальдероны мэдэгдсэнээр, Сангийн сайд нарын уулзалтаар толхиролцсон хэмжээнээс илүүгээр нэмэгдүүлэх магадлал байгаа аж. Одоогийн байдлаар тус сангийн нийт хөрөнгө 390 тэрбум ам.доллар бөгөөд 2009 онд хөрөнгийг гурав дахин нэмэгдүүлж байжээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтад “Их хорь”-ийн орнуудаас гадна Испани, Чили, Колумби, Эфиоп, Бенина, Камбожи зэрэг улсын төрийн тэргүүнүүд урилгаар оролцож байна. “Их хорь”-ийн орнууд нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувь, худалдааны 80 хувийг бүрдүүлдэг юм.
Э.Од