Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгө оруулалтыг үргээх биш бүртгэх механизм руу шилжинэ

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль өнгөрсөн сарын 17-ны өдөр батлагдлаа. Mongolian Mining Journal энэхүү хуулийг бүрэн эхээр нь хүргэж байна. Анх яригдаж эхлэхдээ олон салбар, үйл ажиллагааг хамарч, хөрөнгө оруулагчдын төдийгүй монгол компаниудыг “түргэн” авахуулсан уг хууль нэлээд “зөөлөрч” батлагдсан гэхэд болно.

Тухайлбал Стратегийн ач холбогдол бүхий салбарт анх 15 салбарыг оруулж байсан бол одоо уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл гэсэн гурван салбарыг оруулж, цаашид нэмэх боломжийг нээлттэй үлдээлээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 тэрбум төгрөг /75 сая доллар/-өөс дээш зах зээлийн үнэлгээтэй компанид хөрөнгө оруулах бол зөвшөөрөл авдаг байна гэснийг 100 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалт хийх бол хэмээн өөрчилжээ. Хуучин заалтаараа бол Монголд хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компани хуульд хамрагдахаар байсныг арай хөнгөвчилсөн гэхэд болно.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож байгаа асуудал бол хууль эргэн үйлчлэх эсэх. Анх хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын зарим гишүүд эргэн үйлчилдэг байна гэсэн заалтыг оруулж, тайлбарлаж байсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, хуульд хамруулна, бусад уул уурхайн компаниудыг ч хамруулна гэж байсан бол эцсийн байдлаар уг хууль эргэж үйлчлэхгүй байхаар болов. Ингэснээр 2012 оны  тавдугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд хуульд заасанчлан стратегийн ач холбогдол бүхий салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтад уг хууль үйлчлэхгүй болж байгаа юм.

Хөрөнгө оруулагч нарт нааштайгаар шийдэгдсэн бас нэг асуудал нь уг хуулийн дагуу Засгийн газраас зөвшөөрөл авах хугацааг богиносгож 45+45 хоног болгож бууруулжээ.

Гадаадын зарим хэвлэлд Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргах хууль баталж байна, Монгол Африк шиг болох гэж байна хэмээн бичиж байв. Харин энэ удаагийн хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөн гаргах биш зөвхөн зөвшөөрөл өгөх механизм руу шилжих эрх зүйн орчныг бий болгож байгаа юм. Хуульд заасан тодорхой үндэслэлүүдээс бусдаар гадаадын хөрөнгө оруулагч стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулахад ямар ч саад болох зүйлгүй юм. Тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд Засгийн газар хөрөнгө оруулах зөвшөөрлийг олгоно гэсэн заалт ч хуульд орсон. Тийм болохоор энэ удаа хууль яаран батлагдсан ч анх яригдаж байснаасаа “зөөлөрч”, хөрөнгө оруулагч талдаа ч, Монгол улсад ч ашигтай байдлаар хэрэглэж болох уян хатан чанартай хууль болсон хэмээн зарим хуульчид үзэж байна.

Жич: Аливаа хууль, тогтоол, шийдвэр нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд  хэвлэгдсэнээр албан ёсоор баталгааждаг бөгөөд MMJ-гийн нийтэлж байгаа хууль нь хараахан “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдээгүй байгаа болно.