Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн томоохон хохирогч нь Монгол улс

Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг дэлхий даяар Цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Эрүүл хөрс амьдралын үндэс. Газрын хомсдлыг зогсооцгооё” уриан дор цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Хөрс бол дахин сэргээгдэхгүй, дэлхийн хамгийн үнэт баялаг юм. Бид газар шорооноос тэжээгдэж амьдардаг. Цөлжилт гэхээр хүмүүсийн толгойд Африкийн хуурайшсан цөл л төсөөлөгддөг байж мэднэ. Тэгвэл цөлжилт, ган гачиг бидний амьдралд аль хэдийн тулж ирээд байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн хомсдол нүүрлэж, малчдын гол амин зуулга болсон мал сүрэг хорогдож байна. Малгүй болсон иргэд төв суурин руу нүүдэллэнэ. Ийнхүү хотод хэт төвлөрөлт үүсч байгаа билээ.

Дэлхий дээр жил бүр 12 сая гектар буюу Швейцарийн газар нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцүү газар цөлжилтөд өртдөг. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт 5 тэрбум хүн, 110 оронд шууд нөлөөлж байна. 2011 оны есдүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар хэлэлцсэн билээ. Уулзалтаар 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 25-40 дахин бууруулах, агаарын хэмийн өсөлтийг 2 хэм дотор барих, 2020 он гэхэд жилд 250 тэрбум долларын хөрөнгийг босгож уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулахаар ярилцаж тохирсон юм.

Цөлжилт нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр бий болж байгаа гэж тайлбарлах нь элбэг боловч цөлжилтийн гол “буруутан” нь хүмүүс бид. Тиймээс амьдрал тэтгэгч хөрс шороогоо хамгаалж, цөлжилтийг сааруулахад хүмүүс бидний оролцоо хамгийн чухал юм. Монгол улс цөлжилтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэг. Бид цөлжилтийг сааруулахаас гадна, түүнд дасан зохицох шаардлага тулгараад байна. Энэ талаар Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судлаач М.Алтанбаганатай ярилцлаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсад ямар нөлөө үзүүлж байна вэ?


Монгол орны сүүлийн 70 жилийн агаарын дундаж температур 2.140С дулаарсан нь дэлхийн сүүлийн 100 жилийн (0.740С) дунджаас 2-3 дахин илүү байна. Монгол улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь хуурай болон хагас хуурай газрын эмзэг экосистемээс бүрддэг. Манай орны нийт газар нутгийн 78.2 хувь нь дунд ба түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон малын тоо толгойн өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн хэт ашиглалтаас үүдэлтэй бэлчээрийн экосистемийн доройтол, гадаргын усны нөөцийн хомсдол, ган зудын эрчим, давтамж нэмэгдсээр байна. 

Монгол улсын эдийн засгийн 20 хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг, түүний дотор бэлчээрийн мал аж ахуйгаас 80 хувиа бүрдүүлдэг. 21 аймгаас 14-ийнх нь ДНБ ХАА-н салбараас хамраалтай гээд наад захын жишээ дурдахад нийгэм-экологийн өнөөгийн байдал нэн “эмзэг суурь” болохыг харуулж байна. Тиймээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн томоохон хохирогч нь Монгол улс болоод байгаа юм.

Бид цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авч чадах вэ?

Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны нийгэм-экологийн тогтолцооны эмзэг байдлыг бууруулж, дасан зохицох арга замыг дэвшүүлж, эдгээр арга замыг тогтвортой байдалтай уялдуудах шаардлага нэн түрүүнд тулгараад байна.

Монголын нийгэм-экологийн тогтолцоог уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах ямар арга зам байна вэ? Дасан зохицох арга замыг тогтвортой хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах вэ?


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг зөвхөн байгаль орчны салбарын хүрээнд төлөвлөх, тогтвортой байдлыг хангах, хамгаалах зэрэг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин ч нийгэм-эдийн засгийн хөгжилтэй уялдуулан цогц байдлаар судалгааны үндэслэлтэй төлөвлөх шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дараах арга замууд байж болно. Үүнд:

•    Орон зайн ялгаатай бодлого хэрэгжүүлэх. Бэлчээр ашиглах үүрэг хариуцлагын тогтолцоонд тулгуурлан дасан зохицох.
•    Уур амьсгалын өөрчлөлтөд малчдын эмзэг байдлыг бууруулж, ядуурлаас урьдчилан сэргийлэх бодлого баримтлах.
•    Хот суурин газар шилжин ирсэн иргэдийг хүлээн авч бүртгэлжүүлэх.
•     Малчдыг хүлэмжийн хийн арилжаанд татан оролцуулах замаар урамшил олгодог тогтолцоог нэвтрүүлэх.
•    Экосистемийн түлхүүр зүйлийг хамгаалах.
•    Мэдлэгт тулгуурласан дасан зохицох бодлого хэрэгжүүлэх зэрэг нь орно.

О.Хосцэцэг

Сэтгэгдэл (1)

  • green (66.181.161.1)
    zahidal bichihed ih tus bolloo bayrlaaa
    2022 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.6.194)
    Malchdaas msliinh ni too tolgoid niitssen tatwar awahmun uul uurhain nuhun sergeeltiin dansand hiisen munginuus tatwar awah zamaar heer tarij urguulsan mod suug burd ur dund ni tulguurlan undur uramshuulal uguh yostoiIngusnuur tsuljiltiig saaruulah mun yaduurliig buuruulah orlogo bii bolgoh Baigaliin uuriin ni nuhun sergeltiig demjih bolomj bii gej bodoj baina
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.6.194)
    Unuudur bidnii hamgiin ih sanaa zowoh yum ene baimaarMungu talkh 2 bodohoos uur
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.6.194)
    Dasan zohitsono gej hachin yum yarih yum30 jiliin daraa Sahariin tsul shig bolchihood yaj dadan zohitsohiig chini harahsanAluulah gej baigaa honi shig archaagui horhoinuud yum daa bid
    2016 оны 08 сарын 29 | Хариулах