Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орны Дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уулзалтын эхний өдрийн үр дүнгээр БРИКС-ийн орнууд Олон улсын валютын санд /ОУВС/ нэмэлт нөөц хөрөнгө оруулахаар болжээ. Тодруулбал Орос, Энэтхэг, Бразил тус бүр 10 тэрбум, Өмнөд Африк хоёр тэрбум, Хятад 43 тэрбум ам.долларыг тус тус хандивлах аж. Өмнө нь БРИКС-ийн орнууд ОУВС дахь өөрсдийн хувь үүргийг нэмэгдүүлэх гэсэн тодорхой болзолтойгоор нэмэлт нөөц хөрөнгийг гаргахад бэлэн буйгаа мэдэгдэж байсан юм.
Өрийн хямралд автаад буй Евро бүсийн орнуудад туслах зорилгоор ОУВС-д 600 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө шаардагдаж байгаа талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэхэд тус сан 362 тэрбум ам.доллар цуглуулж чадсан юм. Тухайн үед Япон 60 тэрбум ам.доллар гаргасан нь хамгийн том хандивлагч орон болж байв.
Э.Од