Стратегийн
ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах
тухай хууль батлагдаад удаагүй байна. Хуулийн заалтууд ерөнхий,
тодорхойгүй зүйлс олон байгаа тухай гадаадын хөрөнгө оруулагчид ярьж
байгаа бол дотооддоо энэ хуулийг дэмжих хандлага давамгайлж байгаа юм.
Юутай ч нэмж зохицуулалт хийх шаардлагатай олон асуудал нээлттэй байгаа
бөгөөд стратегийн ач холбогдолтой салбартаа улс орнууд ямар зохицуулалт
хийдэг туршлагыг эргэн хархад илүүдэхгүй биз ээ. The Mongolian Mining
Journal нь Хятад ба Канад улсын зохицуулалтын жишээг уншигчдадаа
хүргэсэн билээ. Энэ удаа ОХУ, Австрали, Казахстан зэрэг улсын ижил
төстэй зохицуулалтын талаар цувралаар хүргэж байна. КазахстанГадаадын
хөрөнгө оруулагчдын тухай ярихдаа заавал мэдэж байх шаардлагатай хоёр
хууль байдаг. Энэ нь “Шууд хөрөнгө оруулалтыг төрөөс дэмжих тухай” хууль
болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль юм. Түүнчлэн Казахстаны
Засгийн газраас санал болгож байгаа “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд
анхаарах хэрэгтэй. Казахстаны гол хөрөнгө оруулагчид АНУ, Нидерланд, Их
Британи, Франц, Итали, Швейцар, ОХУ, Солонгос, Хятад, Австри, Япон болон
Герман зэрэг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь нь газрын тос
ба байгалийн хийнд чиглэгджээ. Үлдсэн хэсэг нь хар болон өнгөт метал
олборлолтод ногдож байна.
Казахстан руу чиглэсэн гадаадын шууд
хөрөнгө оруулалт 2007 онд 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2010 оны
байдлаар 10 тэрбум ам.долларт хүрчээ. 2000 оноос тус улсад ГХО-ын уур
амьсгал өөрчлөгдөж эхэлсэн гэж үздэг. Энэ үед гадаадын хөрөнгө
оруулагчдад хандсан үйлчилгээний тухай мэдээллийг нээлттэй болгох,
Казахстаны нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулагчдын эрхийг баталгаатай
хамгаалах тухай Үндсэн хуулийн болон бусад хэм хэмжээний актуудыг
баталсан билээ. Казахстан хөрөнгө оруулалтыг дэмжих болон хамгаалах
тухай хэлэлцээрт АНУ, Франц, ОХУ зэрэг 37 оронтой гарын үсэг зурсан юм.
Казахстаны Засгийн газраас ГХО-ын дэмжих хандлага нээлттэй
болсон ч дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль журам чангарсан
гэдэг. 1999 онд хуульд оруулсан өөрчлөлтөөр уул уурхайн компаниуд эх
орны хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байх заалтыг оруулжээ. 2003
оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон “Гадаадын хөрөнгө
оруулалтын тухай” хуулийн шинэ хувилбар нь гадаадын хөрөнгө оруулагчдад
“гэнэтийн бэлэг барьсан” юм. Хуулийн өөрчлөлтөд гэрээний зүйлүүд
тогтмол байх тухай заажээ. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдийн
31 хувь нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа хойшлуулахад хүрсэн.
Казахстан
нь уул уурхайн салбар болон боловсруулах үйлдвэрүүддээ гадаадын хөрөнгө
оруулалтын үйл ажиллагааг илүү тодорхой заах үүднээс “Гадаадын хөрөнгө
оруулалтын тухай” хуулиндаа 2004 онд хамгийн олон удаа өөрчлөлт оруулсан
байдаг. ГХО-ыг хязгаарласан салбарууд:
- Банк санхүү /гадаадын хөрөнгө оруулалтын дээд хязгаар 25 хувь/
- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл /гадаадын хөрөнгө оруулалт 20 хувиас хэтрэхгүй байх/
- Харилцаа холбоо /гадаадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээ 49 хувиас хэтрэхгүй байх/
Гадаадын
хөрөнгө оруулалтад тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газар
гол үүрэг гүйцэтгэнэ. Тендерийн хороонуудад Засгийн газрын албан
хаагчдаас заавал орсон байх шаардлагатайгаас гадна олон улсын чанартай
томоохон төслүүд Ерөнхийлөгчийн өөрийн шийдвэрлэх асуудалд багтдаг
байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын машин үйлдвэрлэл
болон түүхий эд боловсруулалтын үйлдвэрүүдэд анхаарлаа хандуулдаг. Уул
уурхайн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр Казахстаны Засгийн газар гадаадын
уул уурхайн компаниудтай Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хувьцааны илүү
хувийг эзээмших гэх зэргээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандах хандлага
ширүүсч, зарим тохиолдолд зөвхөн хамтран эзэмших санал гаргах болсонд
хөрөнгө оруулагч орнууд таагүй хандаж байна. Казахстан нь “Гадаадын
хөрөнгө оруулалтын тухай” хуульдаа энэ оны хоёрдугаар сард дахин
өөрчлөлт оруулжээ.
Э. Оджаргал, Б. Төгсбилэгт