Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Нээлтээс хөгжил дэвшил өөд

“Дисковер Монгол 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт удахгүй болно. Чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны гишүүн, “Прайм Инфо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.

Энэ жилийн “Дисковер Монгол” чуулга уулзалт хэзээ, хаана болох вэ?


“Дисковер Монгол 2012” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнгөрсөн жилүүдэд есдүгээр сард, зарим жилд арваннэгдүгээр сард зохион байгуулагдаж байсан. Энэ жил наймдугаар сарын 30-31-нд Монголын Хүүхдийн ордонд болно. Есдүгээр сарын нэгэнд уурхайтай танилцах аялал зохион байгуулна. Энэ жил Монголын хамгийн том бүтээн байгуулалт болж байгаа “Оюутолгой” төсөлтэй хөрөнгө оруулагчид танилцах юм. 

“Дисковер Монгол” 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Онцлог нь юу байх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байж мэдэх юм?


“Дисковер Монгол” нь Монголд зохион байгуулагдсан хамгийн анхны чуулга уулзалт шүү дээ. Түүний хэрээр жил ирэх тусам өргөжиж байна. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтад 20 орны 550 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж, 1500 гаруй төлөөлөгч оролцсон. Энэ жил үүнээс ч олон төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Энэ жилийн тухайд “Дисковер Монгол”-ын 10 жилийн ой, Монголд уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой давхар тохиож байгаа. Тиймээс манай Зохион байгуулах хороо ЭБЭХЯ-тай хамтран ажиллаж байна. Зохион байгуулах хороог энэ жил академич П.Очирбат тэргүүлж байгаа. Түүний санаачилгаар уул уурхайн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан энэ салбарт урт удаан хугацаанд ажиллаж, уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан, оруулж байгаа хүмүүсийг “Дисковер Монгол”-ыг Зохион байгуулах хороо болон ЭБЭХЯ-наас хүлээн авч уулзъя гэсэн юм. Монголын гурван үеийн геологичид, уурхайчид уулзана гэсэн үг. Уул уурхайн салбар хөгжиж байгаа энэ үед Монголын залуу инженер, мэргэжилтнүүдэд ахмадууд нь сургаал сургамжаа хэлэх тийм сайхан арга хэмжээ болох байх.

“Дисковер Монгол”-ын есөн жилийн үр дүнг та бүхэн хэрхэн үнэлж байна вэ?

Аливаа чуулга уулзалтаас тоон үзүүлэлтээр илэрхийлэгдэх үр дүн гарахад хэцүү байдаг. Чуулга уулзалт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. “Дисковер Монгол”-ын хамгийн гол онцлог нь хүмүүс анхлан бие биетэйгээ танилцаж, эхний харилцаа холбоогоо үүсгэх тийм боломжийг олгож, хамтрагч, хөрөнгө оруулагчаа олоход нь том дэмжлэг болдог. 1000 гаруй хүн нэг дор цуглаж байгаа шүү дээ. Тэнд хөрөнгө оруулагчид ч бий, хөрөнгө оруулалт хайсан дотоодын компаниуд ч бий. Өнгөрсөн жилийн “Дисковер Монгол”-ын үеэр гарсан хамгийн том хэлцэл бол “Хүннү Коул” компанийг Тайландын “Банпу” авсан хэлцэл. Энэ нь манай чуулга уулзалт тодорхой хэмжээний үр дүнтэй болдгийг харуулж байгаа болов уу.

Түүнчлэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлах үеэр, гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль батлагдах үеэр гээд гадаадын хөрөнгө оруулалтын анхаарал Монгол руу төвлөрч байх үед ч, бас Монголоос гарч байх үед ч “Дисковер Монгол” зохион байгуулагдаж байсан.

“Дисковер Монгол” Монголын уул уурхайн салбарын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн байх?

Ер нь 2000 оны эхэн үеэр Монгол руу хөрөнгө оруулалт татна гэдэг өнөөгийнх шиг амар хялбар байсангүй. Өнөөдөр бүх зүйл тааламжтай байна. Гадныхан ч Монголыг ихээхэн  сонирхож байна. Монголын уул уурхайн салбарт хөгжиж байсан ч үе бий, хүнд хэцүү цаг үе ч бий. 2006 онд Гэнэтийн ашгийн албан татвар гарч ирж байхад, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ид яригдаж байх үед эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байлаа. Тэр үед гадны нэлээд компани Монголоос гарч явсан л даа. Гадныхан Монголыг сонирхохгүй, Монголоос жийрхэж байсан тэр үед “Дисковер Монгол” болдгоороо болж, гадныханд энэ учир байдлыг ойлгуулах, зөв талаас нь сурталчилж хүргэхэд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Тэр үүднээс Монголын уул уурхайн салбарт гадаадын болон дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг татахад дорвитой нөлөөлж чадсан ганц чуулга уулзалт бол “Дисковер Монгол” гэж боддог.

УИХ-аас шинээр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь хөрөнгө оруулагчдад багагүй цочрол өгсөн. Мөн сонгуулийн дараа уул уурхайн салбарын бодлого яаж өөрчлөгдөх бол гэдгийг хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байгаа нь лавтай. Энэ тал дээр “Дисковер Монгол” ямар хөтөлбөр оруулж байна вэ?


Тэгэлгүй яахав. Ерөнхийдөө шинээр гарсан хуулийг гадны хөрөнгө оруулагчид маш их сонирхож байгаа. “Дисковер Монгол”-ын үеэр энэ хуулийн талаар мэдээлэл гарах уу гэж биднээс их сонирхон асууж байна. Мөн удахгүй сонгууль болох гэж байна. Шинэ Засгийн газар бүрэлдэж, уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого нь ямар байх бол гэдгийг их сонирхож байна. Гадны хөрөнгө оруулагчид ч гэлтгүй Монголын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид ч өсч, чадавхижиж байгаа болохоор төрийн бодлого ямар байх бол гэдгийг бас л анхаарч, сонирхох болсон. “Дисковер Монгол”-ын зүгээс тэдгээрт зориулж “Засгийн газрын цаг” гэсэн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Энэ жил гадна дотны компаниуд, хөрөнгө оруулагчид гээд уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүх хүний хамгийн их сонирхох зүйл нь “Засгийн газрын цаг” байх болов уу. Бид ч энэ тал дээр ихээхэн анхаарч ажиллана.

Өнөөдөр манай улсад ганц ашигт малтмалын ашиглалт, хайгуул гэлтгүй боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч гээд олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа. “Дисковер Монгол” энэ тал дээр ямар байр суурьтай ажиллаж байна вэ?

“Дисковер Монгол” гэдэг нь Монголыг нээх гэсэн утгатай. Тэгвэл өнөөдөр ганцхан хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татдаг чуулга уулзалт байхаа больж, олон салбар руу хальж байна гэж зохион байгуулагчид үзэж байгаа. Энэ жилийн чуулга уулзалт “Нээлтээс хөгжил дэвшил өөд” гэсэн уриан дор зохион байгуулагдана. Өнгөрсөн жил “Харилцан ашигтай, хамтын ажиллагаа” гэсэн уриатай байсан. Урианаас харсан ч гэсэн энэ чуулга уулзалтын цар хүрээ улам өргөжиж байгаа нь ойлгогдох байх. Өнгөрсөн жил бид уул уурхайгаас бусад салбарын асуудлаар тусад нь бага хурал хийсэн. Үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг хөндөж, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг зохион байгуулсан. Энэ жил бас уул уурхайгаас гадна эрчим хүчний салбар, тэр дундаа шатдаг занар, газрын тосны хайгуулын салбарыг хөндөж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулах нь зүйтэй юм байна гэж Зохион байгуулах хорооныхон үзэж байгаа. Шатдаг занар, эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчид ч энэ салбарыг ихээхэн сонирхох төлөвтэй байна лээ.

C.БОЛД-ЭРДЭНЭ