Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Cаусгоби Ресорсез” олборлолтоо бүрэн зогсооно

Өмнөговийн Овооттолгой хагас коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Ресорсез” компани олборлолтоо энэ сард бүрэн зогсооно гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ. Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Ашигт малтмалын газар тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан ч “Саусгоби Ресорсез” “бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй” гээд Овооттолгойн олборлолтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж мэдээлж байсан юм. Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр компанийн 60 хувийн хувьцааг 900 орчим сая доллараар Хятадын төрийн өмчийн “Чалко” компанид худалдахаар болсноо зарласнаас хойш Монголын төр “түргэн авч” гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хуулиа ч шинэчлээд авсан билээ.

Монголын үлэмж хэмжээний коксжих нүүрсний ордыг эзэмшдэг компанитай холбоотой энэхүү худалдааны тохиролцоо одоо эргэлзээтэй болсны дээр зах зээлийн нөхцөл байдал таагүй байгаа нь уурхайн олборлолтыг зогсоох үндэс болжээ. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд “Саусгоби” хэчнээн тонн нүүрс олборлохоор тооцоолж буй нь тодорхойгүй байна. Түүнчлэн олборлолтоо зогсоож байгаа нь ордын талбайд нүүрсний овоолго ихсэх вий гэдгээс сэргийлж буй арга хэмжээ ажээ. “Саусгоби” цаашид нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ч байгаль орчны үнэлгээг батлуулах тал дээр гацаад байна.

Б.Төгс