Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ММС-ийн хувьцаа 800 төгрөг болов

Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Монголын хамгийн том уул уурхайн компани Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэн хамгийн доод үнэдээ хүрч, 800 төгрөг болжээ. Шалтгааныг нь нүүрсний үнэ буурч байгаа, Монголд сонгууль болж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.

Олон улсын бирж дээр бүртгэлтэй компаниудаас Хонконгийн хөрөнгийн бирж дээрх Mongolian Mining Corporation буюу ММС, Лондонгийн хөрөнгийн бирж дээрх “Петро Матад Лимитед” компанид монголчуудын хөрөнгө оруулалт давамгайлдаг. Дээрх хоёр компанийн хувьцааны ханш сүүлийн саруудад байнга буурсаар байна. 

ММС-ийн хувьд сүүлийн гурван сард хувьцааны ханш нь 37 орчим хувиар унажээ. Даваа гаригт 4,7 хонконг доллараар хаагдаж байсан хувьцаа өчигдөр 4,51 болтлоо буурч, 4,66 доллараар хаагдсан бол өнөөдөр дахиад 4,51 болсон байна. Энэ нь монгол төгрөгөөр тооцвол нэгж хувьцаа нь 800 төгрөг болсон гэсэн үг. 2010 оны аравдугаар сард анх хувьцаагаа зарж эхэлж байсантай харьцуулахад 50 орчим хувиар хувьцааны ханш нь буурчээ. Зах зээлийн үнэлгээ нь ч жилийн өмнө 4,5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 2,2 тэрбум болтлоо уначихаад байгаа юм.









Харин “Петро Матад Лимитед” компанийн хувьцааны ханшны тухайд сүүлийн нэг сард 40 хувиар унажээ. Өчигдөр 9,7 пенс буюу 0,097 фунтээр хаагдсан байна. Энэ нь монгол төгрөг рүү хөрвүүлвэл нэгж хувьцаа нь 202 төгрөг болсон гэсэн үг. Хувьцааны ханшийн уналтад дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч 90 ам.доллараас доошилсон нь голлон нөлөөлжээ. Газрын тосны хайгуулын компанийн хувьцааны үнэлгээ газрын тосны үнэ ямар байхаас ихээхэн хамаардаг. Мөн компанийн зүгээс энэ зун дахин өрөм тавихгүй гэдгээ албан ёсоор мэдээлсэн нь хувьцааны ханшны бууралтад багагүй нөлөөлсөн юм.

Монголтой хамааралтай бусад компаниудын хувьцааны ханш ч огцом буураад байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Занаду Майнс”-ын хувьцаа 7,5 хувь, “МоЭнКо”-гийн хувьцаа 15 хувиар, “Аспайр Майнинг”-ийн хувьцаа 23 хувиар, “Модун Ресурс”-ын хувьцаа 40 хувиар тус тус унажээ.

Хувьцааны ханш ингэж унах болсон шалтгааныг шинжээчид хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Мэдээж Европын өрийн хямрал нааштайгаар шийдэгдэхгүй цаг алдаж байгаа нь олон улсын санхүүгийн захад ч хүчтэй нөлөөлсөөр байгаа. Томоохон биржүүдийн индексүүд ч тогтмол буурсан дүр зураг үргэлжилж байна. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тухайд дэлхийн эдийн засгийн байдлаас илүү Монголд өрнөж буй үйл явдал ихээхэн нөлөөлж байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Өнгөрсөн сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг шинээр баталсан нь хөрөнгө оруулагчдыг хамгийн их цочроосон.

Мөн маргааш болох УИХ-ын ээлжит сонгууль ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Bloomberg Businessweek сэтгүүлийн сэтгүүлч Patrick Boehler дээрх хоёр шалтгааны улмаас Монголын компаниудын хувьцааны ханш буурсан хэмээн даваа гаригт мэдээлсэн байна. Компаниудын зүгээс ч сонгуулийн дүн ямар гарах бол гэдгийг анхааралтай ажиглаж байгаа аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Chris Mardon “Монголын парламентын сонгууль ямар үр дүнд хүрэх бол гэдгийг хөрөнгө оруулагчид харзнаж байна” хэмээн Bloomberg Businessweeк-т ярьжээ.

Тэгвэл Казахстаны Visor Capital Joint Stock компанийн шинжээч Stanislav Chuyev гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийн талаар “Монголын уул уурхайн салбарт тодорхой хэмжээний эрсдэл бий болж байна. Гадаадын хөрөнгө оруулалт ч хумигдах болно” гэжээ.

Харин ММС-ийн хувьцааны ханш ингэж унаж байгааг зарим шинжээчид коксжих нүүрсний үнэтэй холбон тайлбарлаж байна. Гэхдээ Хятадад коксжих нүүрсний үнэ төдийлөн огцом буурсан зүйл байхгүй байгаа юм. Энэ сарын эхний 10 хоногийн мэдээгээр Хятадын хойд нутагт буюу манай экспортлогч компаниудын нүүрсээ нийлүүлдэг Баотао хот орчимд нэг тонн коксжих нүүрс 1200 юань буюу 188 ам.долларын ханштай байна. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны сүүлээс хойш тогтвортой байгаа бөгөөд өнгөрсөн сард 60 гаруй юаниар буурсан байна. Харин Хятадын далайн импортын үнэ буюу Австралиас авдаг үнэ нь 223 ам.доллар байгаа юм. Дөрөвдүгээр сард 200 доллар байсантай харьцуулахад 23 доллараар өсчээ. Коксжих нүүрсний үнэ огцом унаагүй болохоор ММС-ийн хувьцааны үнийн бууралтыг Монголын сонгууль, дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.

С.Болд-Эрдэнэ