Ирэх сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны экспортын татварын үнэ тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болох гэнэ. Энэ тухай тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар одоогийн 232,4 ам.доллараас буурч 173 ам.доллар болох юм байна. Бензиний экспортын татвар 45,4 ам.доллараар буурч, 332,4 ам.доллар болно. 2011 оны аравдугаар сарын нэгнээс ОХУ-ын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ журам мөрдөгдөж эхэлсэн билээ.
Өөрөөр хэлбэл, газрын тосны экспортын татварыг дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн газрын тосны өнгөрсөн сарын дундаж үнээс 60 хувиар, бензиний татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварын 66 хувиар тооцох болсон юм. АНУ болоод Евро бүсийн орнуудын санхүүгийн тогтворгүй байдал дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурахад нөлөөлж байгаа билээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 93 ам.доллар байна.
Э.Од