Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Коксжих нүүрсний үнэ 200 ам.долларт бууна

Нүүрсний эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдэж буйгаар уг түүхий эдийн үнэ буурах шалтгааныг товчхон тайлбарлаж болно. Гэхдээ үнэхээр эрэлт буурч буй эсэхэд олон улсын шинжээчид эргэлзэж байна. Гэсэн ч нүүрсний үнэ сүүлийн хэдэн сард үргэлжлэн буурсаар байгаа юм. Хятад өнгөрсөн даваа гаригт тус улсын нүүрсний агуулахын нөөц дүүрснийг мэдэгджээ. Энэ нь эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрсний үнэ цаашдаа буух магадлалыг нэмэгдүүлээд байна. Чинхуандао боомтын Дэд ерөнхий менежер Ван Лубайо зөвхөн тус боомтын нөөцөд гэхэд доод тал нь 9.4 сая тонн нүүрс бий гэж хэлжээ.

Тус боомтын нөөцөд өмнө нь хамгийн ихдээ 9.42 сая тонн нүүрс хадгалагдаж байжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд коксжих нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурчээ. Нөгөөтэйгүүр, эрдсийн түүхий эдийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг “Platts” энэхүү үнэ буурах нөхцөл байдалд гол гол худалдан авагчдын эрэлт буурсан нь төдийлөн нөлөөлөөгүйг онцолжээ. Хятад, Энэтхэгийн нүүрс импортлогч нар сайн чанарын коксжих нүүрсний агуулахад нөөц тун бага үлдсэнийг мэдэгдсэн гэж “Platts” мэдээлжээ.

Үүнээс гадна “Platts” коксжих нүүрсний 2013 оны үнийн урьдчилсан таамгаа 10 хувиар бууруулж, 213 ам.доллар/тонн-д хэлбэлзэнэ гэж шинэчилжээ. Түүнчлэн 2014 онд коксжих нүүрсний үнэ нэмж 5 хувиар буурч, 205 ам.доллар/тонн болох ажээ.

Нүүрсний үнийн бууралт нь Оросын Мечелийн орлогод нөлөөлж, оны эхний хагасын байдлаар тус компанийн цэвэр ашиг бараг 30 хувиар буурч 218 сая ам.долларт хүрчээ. Тус компани эхний улиралд коксжих нүүрсээ Япон, Солонгос руу 215-220 ам.доллар/тонноор экспортолсон бол хоёрдугаар улиралд 185-190 ам.доллар/тонноор нийлүүлжээ.

Одоогоор Хятадын боомтуудад коксжих нүүрсний үнэ сарын эхэн үетэй харьцуулахад тонн тутамдаа 40 юаниар буурч, 1540 юань болоод байгаа ажээ. Харин Австралийн боомт дээр 220 гаруй ам.доллар/тонн байна. Харин эрчим хүчний нүүрсний хувьд Австралид өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард 110 гаруй ам.доллар/тонн байсан бол одоогоор 88 ам.доллар/тонн болж буурчээ. 

Б.Төгс