Монголын Хөрөнгийн бирж өчигдрөөс эхлэн “Millennium IT” гэсэн төлбөр
тооцоо, арилжааны шинэ систем нэвтрүүлж байна. Харин удтал яригдаж байж
нэвтрүүлсэн шинэ системийн эхний өдрийн арилжаагаар хоёр компанийн 207
ширхэг хувьцааг арилжаалжээ.
“Ремикон” компанийн 206 ширхэг, “Шарын Гол” компанийн нэг ширхэг
хувьцааг арилжиж, арилжааны нийт үнийн дүн 51150 төгрөг болжээ. Энэ нь
Хөрөнгийн биржийн түүхэнд сүүлийн жилүүдэд байгаагүй бага үнийн дүн
болсон байна. Мөн өчигдрийн арилжаанд “Би Ди СЕК”, “Ти Ди Би Капитал”,
“Голомт Секьюритис”, “Тэнгэр Капитал”, “Фронтиер Секьюритис” гэсэн 5
брокер дилерийн компани оролцсон гэнэ. Харин үлдсэн 73 брокер дилерийн
компани арилжаанд оролцож чадаагүй байна.
Гол шалтгаан нь биржээс тавьж байгаа зарим шаардлагыг брокер дилерийн
компаниуд хангаагүй аж. Мөн шинэ арилжааны систем нэвтэрснээр клирингийн
банкны үйлчилгээ нэвтэрч, брокер дилерийн компаниуд гэрээ байгуулах
ёстой. Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайгаас энэ
талаар тодруулахад, “Манай бирж өнөөдөр арилжааны шинэ систем
нэвтрүүллээ. Энэ бол Хөрөнгийн биржийн хөгжлийн шинэ хуудас нээж,
түүхэнд үлдэх болно.
Үүнтэй холбогдуулан зарим нэг шинэ зүйл байгаа. Брокер дилерийн
компаниуд Төлбөрийн баталгааны сантай болж, барьцаа хөрөнгө байршуулах
ёстой. Өнөөдрийн арилжаанд барьцаа хөрөнгө байршуулсан 5 компани л
оролцлоо. Урьд нь энэ талаар брокер дилерийн компаниудад байнга
сануулсан болохоор удахгүй барьцаа хөрөнгөө байршуулаад арилжаанд
оролцож эхлэх байх. Мөн компаниуд клирингийн банкуудтайгаа гэрээ хийж
байгаа гэж сонссон” гэв.
Харин брокер дилерийн компаниуд өчигдөр энэ талаар хуралдсан сурагтай.
Тэд барьцаа хөрөнгө байршуулах гэдгийг эсэргүүцэж байгаа аж. Тухайбал,
барьцаа хөрөнгийн доод хэмжээ нь 10 сая төгрөг байх бөгөөд хөрөнгөө 3
дахин нугалсан үнийн дүн бүхий арилжаа хийх эрхтэй юм. 300 сая төгрөгийн
арилжаа хийх компани 100 сая төгрөг байршуулсан байх учиртай. Энэ нь
брокер дилерийн компаниудын хүчин чадлыг дутуу үнэлсэн явдал хэмээн
компаниудын төлөөлөл ярьж байна. Хэдий Хөрөнгийн бирж шинэ, үнэтэй
систем нэвтрүүлж буйг ойлгож байгаа ч Төлбөрийн баталгааны сан, барьцаа
хөрөнгө байршуулах тал дээр харилцан ярилцаж, үнийн дүнг тогтоохыг тэд
биржээс шаардаж байгаа аж. Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл олон брокерийн
компани арилжаанд оролцож чадахгүйд хүрэх гэнэ. Мөн клирингийн эрхтэй
банкууд брокер дилерийн үйл ажиллагаа давхар эрхлэх нь брокеруудын
өрсөлдөөнд харшилж байна хэмээн брокер дилерийн компаниудын зүгээс хэлж
байна.
Харин Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Энэ бүхэн гэнэт гарч
ирсэн зүйл биш. Брокеруудтай удаа дараа уулзаж, сануулж байсан” гэсэн
юм.
Ямар ч байсан Хөрөнгийн биржийн зүгээс брокер дилерийн компаниудын
шаардлагыг хүлээж авахгүй бол компаниудын зүгээс Хөрөнгийн биржид
санхүүгийн шалгалт хийлгэх зэргээр тэмцэх болно гэнэ.
Дашрамд дурдахад Хөрөнгийн биржийн Санхүү эрхэлсэн дэд захирал Д.Мөнхтүшиг сар гарангийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
С.Болд-Эрдэнэ