Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Чалко ирэх сард Саутгоби-г авахаар төлөвлөжээ

Хятадын төрийн өмчийн компани Чалко энэ сарын 5-ны өдөр гэхэд “Айвенхоу Майнз” компаниас “Саутгоби Ресурс”-д эзэмшдэг 60 орчим хувийн эзэмшлийг нь бүхэлд нь авахаар тохиролцоод байсан юм. Харин хоёр компани өчигдөр худалдааны тохиролцоог хэрэгжүүлж дуусгах хугацааг наймдугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгаснаа мэдэгджээ. Энэ хугацаанд хоёр тал Саутгоби-н худалдааг Монголын Засгийн газраар батлуулах ажлыг хөөцөлдөх тухайгаа мэдээлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд “Чалко” компани “Саутгоби Ресурс” компанийн 60 хувийг 900 сая ам.доллараар худалдаж авах гэж буйгаа зарласан билээ. Үүнээс хойш Монголын төрийн өндөрлөгүүд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэхээр ярилцаж хэлэлцэх, маргалдаж мэтгэлцэхийг хослуулан байж баталсан. Уг хуулийг шинэчилсэн нь Монголын төрийн оролцоогүйгээр стратегийн ангилалд орохуйц томоохон орд газар, баялгууд гадны компаниудын хооронд дэлгүүрийн бараа шиг л худалдагддаг байдлыг эцэслэх үндсэн зорилготой байсан гэхэд болно.

Гэвч одоо хэр нь Саутгоби “Чалко”-гийн эзэмшилд орохгүй байх нөхцөлийг баталгаажуулаагүй байгаа нь компаниудын дээрх мэдэгдлээс тодорхой харагдаж байна. Учир нь Монголын тал гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэдэг байх зохицуулалт хийн хуулиа шинэчилсэн ч Чалко өнгөрсөн бямба гаригт хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Саутгоби-г худалдаж авах төлөвлөгөөг дэмжин баталжээ. Олон улсын шинжээчид Чалко Саутгоби-г авахаар төлөвлөж буй ч Монголын Засгийн газрын батламжийг авч чадахгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Монголын төрийн өндөрлөгүүд энэ худалдааг эхнээсээ дэмжихгүй байсан ч, Чалко-гийн “эсрэг” үйлдэл хийж буй явдал нь эргэлзээ төрүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль шинэчлэгдэх үйл явц өрнөж байх үед Чалко “Монголын төрийн байр суурийг хүндэтгэх болно” хэмээн хүндэтгэлтэй хандаж байсан. Одоо харин өөр мэдэгдэл хийж буй нь “Чалко”-гийн хувьд Саутгоби-г эзлэх нь хичнээн чухал нүүдэл болох нь улам бүр ил болж байна.

Б.Төгс