Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Орос эдийн засгийн хямралд бэлтгэж байна

Орос улс дэлхийн эдийн засгийн ээлжит хямралд бэлтгэж байгаа ч амжилттай даван туулах болно гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын 2013-2015 оны төсвийн төсөлтэй танилцан, төсөвт тусгах зарим нэг санал бодлын талаар сайд нарын танхимтай уулзсан юм. Тэрээр мэдэгдлийнхээ эхэнд хямралын эсрэг арга хэмжээнд зориулах хангалттай хуримтлалыг ирэх жилийн төсөвт суулгаж өгөхийг хүсчээ. Оросын төрийн тэргүүний үзэл бодлоор төсвийг эрчим хүчний түүхий эдийн үнийн эрс хэлбэлзлээс хамгаалах хэрэгтэй аж. Түүхий эдийн зах зээлээс хэт хамааралтай байдал болон газрын тос, байгалийн хийн хомсдол нь төсөвт ихээхэн хүнд тусч байгаа учир тэр юм. Мэргэжилтнүүдийн ажиглаж буйгаар санхүүгийн хямралд бэлтгэхдээ сангийн яамны зүгээс санал болгож байгаа аривлан хэмнэх гэсэн “алтан дүрэм”-ийг төсөвт мөрдөх бололтой. Сүүлийн таван жилийн хугацааны газрын тосны дундаж үнийг үндэслэн ирэх гурван жилийн төсөв, дараагийн шатанд  арван жилийн дундаж үнийг харгалзан таван жилийг төсвийг төлөвлөх гэсэн саналыг Сангийн сайд Антон Силуанов танилцуулжээ. Өмнө нь Эдийн засаг хөгжлийн яам үүнээс арай зөөлөн арга болох гурван жилийн дундаж үнээс аажмаар нэмэгдүүлэн долоон жилийн дундаж үнээс төсвийг төлөвлөж байхыг санал болгосон байна. Хэрэв газрын тосны бодит үнэ дундаж үнээс доогуур байх тохиолдолд зөрүүг нөөцийн санд хуримтлуулах гэнэ. Одоогийн мөрдөгдөж байгаа төсвийн хуулинд нэг баррель газрын тосны үнийг 115 ам.доллар гэж оруулсан байдаг байна. Ямартай ч Оросын Засгийн газар санхүүгийн ээлжит эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Ерөнхийлөгчийн туслах Эльвира Наибулинагийн мэдэгдснээр жилийн хоёр дахь хагаст санхүүгийн эрсдэлээс хамгаалахад зориулан 100-200 сая рублийг төсөвт оруулан нөөцлөх айжээ. Тус улсын эдийн засагт хамгийн хүнд үе тохиох учир энэ хуримтлал ч тун удахгүй хэргээ гаргана гэсэн таамаглалыг мэргэжилтнүүдийн зүгээс дэвшүүлээд байна.      


Э.Од