Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилтай танилцлаа. Үүнтэй холбогдуулан суурь бүтэц барих ажлыг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр концессын зүйлийн жагсаалтад оруулах шийдвэр гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Шинэ төмөр зам барихад ойролцоогоор 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай. Төмөр зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Мөрөн, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Хатгал, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар дайрч өнгөрөх юм. Шинэ төмөр замаар жилдээ Овоот-Мөрөнгийн чиглэлд 13.5 сая тонн, Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 22.2 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд хоногт 11-18 хос галт тэрэг нэвтрэх юм байна.
Мөн хуралдаанаар “Дулааны цахилгаан станц-5” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын үнэлгээтэй танилцав.
Үүнтэй холбогдуулан хамгийн сайн нөхцөл санал болгож, өндөр оноо авч шалгарсан нэр бүхий компаниудын түншлэлтэй тариф бууруулах, төслийн өртгийг багасгах, тоног төхөөрөмжид тавих шаардлагыг өндөрсгөх, концессын болон холбогдох бусад гэрээний нөхцлийн талаарх хэлэлцээг яаралтай эхлүүлэхийг Төрийн өмчийн хороонд үүрэг болголоо.
Хуралдаанаас нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
Аж ахуйн нэгжүүд үйлдвэр байгуулахад шаардлагатай нөхцөл хангасан газар, усны хайгуул хийх зөвшөөрөл олгох, үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс татварын чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.