“Нинжа” нар татвар төлж байна. Сар бүр 53 мянган төгрөгийн татварыг тэд улсад төлдөг болж. Бас болоогүй ээ, 10 аймгийн 30 суманд байрладаг 1800 орчим нинжа эрүүл мэндийн даатгалд, 1000 орчим нинжа нийгмийн даатгалд хамрагдаад байгааг НХХЯ-наас мэдээлж байна. Чихэнд чимэгтэй л мэдээ.
Энэ бол Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүн. Өнгөрсөн хугацаанд ямар ч хараа хяналтгүй ажиллаж ирсэн гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу “нинжа” нар сүүлийн жил гаруйн хугацаанд эмх цэгцэнд орж эхэлж байна. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, Засгийн газраас баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хэрэгжиж эхэлснээр “нинжа” нар өнөөдөр хуулийн зохицуулалтад орж байгаа юм. Хуулийн дагуу тэд хэсэг бүлгээрээ нийлж “нөхөрлөл” болох ёстой. Сүүлийн үеийн мэдээгээр 500 гаруй нөхөрлөл байгуулагдаж, түүнд 5000 орчим гар аргаар ашигт малтмал олборлогчид элссэн гэж “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн мэдээлж байна. Мэдээж улсын хэмжээнд байгаа 80-аад мянган нинжа нартай харьцуулахад нөхөрлөлд хамрагдагсдын тоо харьцангуй бага. Гэлээ ч ажил дөнгөж эхэлж байгаа болохоор чамлаад яахав.
Нөхөрлөлд хамрагдагсдын хувьд давуу тал олонтой ч давшгүй хүчин зүйл ч цөөнгүй. Тэд орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулж, оноож өгсөн газарт нь 5 га хүртэлх талбайг ашиглах эрхтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ч хамтарч ажиллаж болно. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж, ашигласан талбайгаа эргүүлэн нөхөн сэргээх нь тэдний үүрэг. Хаа таарсан газраа сургаар ухаж, хууль хүчнийхэнд хөөгдөж туугдаж амьдардаг байсан нинжа нарт энэ бол давуу тал. Бас болоогүй ухсан алттай шороогоо хэдхэн шил архиар сольдог байсан тэдэнд жижиг оврын баяжуулах цех байгуулж өгч байгаа нь хөдөлмөрөө үнэлүүлж байгаа нэг хэлбэр. Энэ мэт яриад байвал “нөхөрлөл”-ийн давуу тал олон. Ямар ч байсан “нинжа” гэсэн нэрийг бичил уурхай эрхлэгч гэсэн хууль ёсны нэрээр солих ажил ид өрнөж байна гэхэд болно.
“Нөхөрлөл”-д нэгдэж байгаа нинжа нар нэлээд бий ч нөхөрлөлөөс зугтагсад бас бий. Нэг үгээр хэлбэл, хууль ёсны үйл ажиллагаанаас зугтаж, хууль бусаар ажиллах сонирхолтой бүлэг этгээдүүд цөөнгүй байна гэсэн үг. Тэдэнд зааж өгсөн алга дарам газар нь арай чамлалттай санагдаж байгаа болохоор өөрийнхөө хүслээр өрөөлийн газрыг хүссэнээрээ ухахыг хүсдэг биз.
Өнгөрсөн хугацаанд нинжа нар багагүй газрыг сүйтгэхтэй зэрэгцээд чамгүй туршлагажиж, бас болоогүй багагүй хэсэг нь хөлжөөд авсан. Орчин үеийн нинжа нарыг хүрз, жоотуу төдийхнөөр төсөөлөхийн аргагүй. Ямар ч тусгай зөвшөөрөлгүй хэрнээ жижигхэн компаниас дутахгүй техникээр тэд “зэвсэглээд” амжсан байх юм. Хэр баргийн компани худалдаж авч дийлдэггүй өндөр үнэ бүхий экскаваторыг хоёр гурваар нь авч, олон тонны даацтай ачааны авто машинуудаар шороогоо зөөж, алт баяжуулах цех, үнэтэй жийпээр гангарсан нинжа нарын “отог” нэлээд бий болсон гэх. Тийм ч болохоор хууль ёсоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдод олгох ёстой 5 га газар чамлалттай санагдах нь аргагүй биз. Хэдийнэ нөхөрлөлөөс дутахгүй зохион байгуулалтад ороод амжчихсан тэдэнд хууль ёсны нөхөрлөлд хамрагдаад байх шаардлага байхгүй. Сурсан зангаа тавихгүйгээр ажиллах өчнөөн боломж байхад тэгж татвар, нийгмийн даатгал төлж суух тэнэг толгойнууд тэд биш.
Дундговьд жоншны уурхай цөөнгүй. Ихэнх нь хуулийн хэллэгээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчид. Нэгэн танил маань тэнд жонш “олборлоод” гурав дөрвөн жилийг үдсэн. Түүний яриагаар жонш олборлогчид нинжа биш. Бас хууль ёсны дагуу олборлогчид бүр биш. Танилын маань яриагаар ихэнх нь дээрэмчид байдаг гэх.
Жоншны ихэнх ашиглалтын тусгай зөвшөөрлийг хятадууд эзэмшдэг. Тэндээ тодорхой газруудыг монголчуудад буюу нинжа нарт түрээслүүлдэг. Хэсэг бүлгээрээ “гал” болон ажилладаг нинжа нар компаниас “ам” түрээслэн ажилладаг байна. Хэдий өнгөн дээрээ хувиараа биш компанийн мэдэлд жонш олборлодог гэдэг ч нидэр дээрээ нинжа нараас дор ажилладаг гэдгээ ярьж байв. Учир нь тэнд олигтойхон гарцтай “ам”-ны төлөө жинхэнэ дайн болдог. Нинжа нарыг хөлсөлдөг боссууд нь гайгүй гарцтай амаа үнэ хүргэн түрээсэлнэ. Авсан нэг нь “ам”-аа хамгаалах хүндхэн үүрэг хүлээнэ. Тэндэхийн “гал”-ууд бусдынхаа “ам” руу дайрах нь энүүхэнд. Бүл сайтай нэг нь бүл муутай нэгнээ дээрэлхэж, “ам”-ыг нь булааж жонш ухдаг. Бас болоогүй хуучин Портер машин, тракторыг нинжа нартаа түрээсэлдэг гэнэ. Ямар ч хууль үйлчилдэггүй газар хүч л үйлчилнэ. Хүчгүй нэг нь бусдын дарамтад амь зогооно. Танил маань өнгөрсөн өвөл гараа хугалчихсан, хотод эмчлүүлэх гэж явахтай нь таарсан юм. “Ам”-аа хамгаалах гэж дээрэмчидтэй зодоон хийснээс “гал”-ынх нь хоёр хүн хүнд бэртсэн гэж ярив. Дээрэмчид гэдэг нь бусдын “ам” руу дайрч, хэдэн өдөр жоншийг нь ухчихаад яваад өгдөг нөхдүүд.
Ийм л дүр зураг жоншны гэх нинжа нарын амьдралд бий болоод багагүй хугацаа өнгөрч байна. Нинжа нарын давхаргад ч баян хоосны ялгаа хэдийнэ тогтож, чадалтай нэг нь үнэтэй машин унаж, хүнд машин механизмтай болчихсон байхад өнөө маргаашийнхаа хоолыг залгуулах гэсэн нь цөөнгүй. Бас нэг зүйл бол нинжа нарын дунд “дээрэмчид” бий болоод удаж байна. Ганцхан жоншны уурхайд ч биш. Алт, нүүрс гээд гар аргаар ашигт малтмал олборлогчдын дунд ийм давхарга хэдийнэ тогтчихож. Нэг ёсондоо “нинжа” гэсэн ойлголтоос “дээрэмчид” гэсэн ойлголт бий болж байна, гар аргаар ашигт малтмал олборлогчдын дунд.
Үүнийг батлах нэг жишээ нь алтны компаниуд болоод “нинжа” нарын хоорондох тэмцэл. Саяхан Төв аймгийн Заамар суманд бас л гар аргаар алт олборлогчид компани хоёрын дунд мөргөлдөөн гарсан. Үзүүртэй төмөр, чулуу барьсан “нинжа” нар компанийн эзэмшил газар руу дайрчээ. Компанийн ажилчид тэднийг энгийн нэг гар аргаар алт олборлогчид биш, улангассан дээрэмчид гэж хэлнэ хэмээн ярьж байх. Өөрөөр хэлбэл “нинжа” биш тэндээс төрөн гарсан “дээрэмчид” компанийн эзэмшил газар руу дайрсан хэрэг. Үүнээс болж дайрсан нь ч, дайралтад өртсөн нь амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэж байна. Ийм хэрэг анх удаагаа гарч байгаа биш. 2010 онд Говь-Алтай аймагт мөн л компанийн эзэмшлийн алтны шороон орд руу “нинжа” нар дайрч, цөөнгүй хамгаалагч, “нинжа” нар бэртэж байсан удаатай. Нутгийн иргэд, энгийн нэг “нинжа”-гаар бамбай хийсэн хэсэг бүлэг этгээд энэ мэтээр компанийн эзэмшил рүү халддаг арга барилд амташчихсан бололтой. Нэг ёсондоо “нинжа” биш “нинжа” нараас төрөн гарч байгаа “дээрэмчид” гэсэн бүлэглэл “нинжа”-гаасаа илүү хортой байж мэдэхээр болоод байгаа юм. Тэднийг зогсоож дийлэх хүч байхгүй. Компанийн хамгаалагч гэх 10 гаруй хүн 200, 300 дээрэмчний эсрэг яаж ч чадахгүй. Аймаг сумын цагдаа ч тэдний өмнө хүчин мөхөстдөгийг цагдаа, мэргэжлийн хяналт гээд бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна.
Нинжа нарын шаваарсан газар олдоц муутай санагдаж, хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшин, татвар төлж байгаа компанийн эзэмшил рүү бүлэглэн дайрах “шилдэг санаа” олсон тэднийг зогсооход бэрх болж байна. Шөнө оройн цагаар компанийн эзэмшлийн талбай руу дайрч, алттай шороог нь үүрээд зугтаах нь холгүй байгаа тэднийг хэрхэн зогсоох арга ухаанаа компаниуд олохгүй байгаа бололтой. Хэдий хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ч “нинжа” нартай маргалдсан компанийн нэр хүнд нийгэмд ихээр унаж байгаа болохоор компаниуд энэ зовлонгоо тэр болгон дэлгээд байхгүйг хичээдэг болж. “Дээрэмчдийн” халдлагад өртсөн нь мэдэгдэж байгаа нь цөөхөн. Мэдэгдэхгүй байгаа хэчнээн компани цаанаа нь байгааг хэлж мэдэхгүй.
Дээр хэлсэнчлэн “нөхөрлөл”-д хамрагдахгүй зугтагсдын нэлээд хэсэг нь “дээрэмчид” гэхэд болно. Тэдэнд хуучин “зангаа” тавихгүй байх олон шалтгаан байгаа болохоор нөхөрлөлд хамрагдах өчүүхэн ч сонирхол байхгүй. Ядаж л “ажлын” олдоц нь ойрд нэмэгдэх хандлагатай. Ялангуяа алтны “дээрэмчдэд”. Урьд нь олборлож дуусаад хаяад явсан алтны шороон орд дээр ажилладаг байсан тэдэнд одоо олборлолт нь эхлээгүй шороон ордууд элбэг олдох хандлагатай. Бөөн хэл ам дагуулсан урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн. Дээрх лицензит талбай өнөөдөр “нинжа”, “дээрэмчдийн” дараагийн бай болжээ. Эгзэг нь таарвал экскаватороо унаад очих тэднийг хэн хориглож тогтоохыг хэлж мэдэх хүн алга.
“Нинжа” нарыг хуулийн хүрээнд хамруулж, “нөхөрлөл”-ийн хэлбэрт оруулж байгаа нь сайн хэрэг. Харин хууль, “нөхөрлөл” хоёроос зугтаж яваа “дээрэмчдийг” яаж хуулинд хамруулах вэ гэдгийг бас л бодох цаг ирж.
С.Болд