Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад ус ашигласны татвараа нэмнэ

Хятадын Засгийн газар ирэх таван жилд ус ашигласны татварыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус улсын ус ариглан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2015 он хүртэл усны татварыг шат дараатайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус улс усыг их хэмжээгээр зарцуулдаг салбаруудад усны татварыг илүү  өндөр тогтоохын зэрэгцээ усны дахин боловсруулах салбарыг идэвхитэй дэмжин ажиллахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гаргасан байна. Үүнээс гадна хөдөө орон нутагт тогтоосон хэмжээнд ус хэрэглэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хөнгөлөлт үзүүлж, эсрэгээр хэмжээнээсээ илүү хэрэглэсэн бол төлбөрийг нэмэгдүүлж тооцох юм байна. Энэхүү алхам нь Хятадын байгалийн нөөц баялаг болон эрчим хүчийг хэмнэж хадгалах бодлоготой нь холбогдож буй ажээ.

Усны татварыг нэмэгдүүлэхээс гадна тус улс энэ сараас эхлэн эрчим хүчний төлбөрийг нэмэгдүүлэх тогтолцоог нэвтрүүлж эхэлжээ.
Усны хэрэглээг дээрх бодлогын дагуу ашигтай хэмнэлттэй зарцуулалттай болгож чадвал тус улсын ус ашиглалтын түвшин 2015 он гэхэд 635 тэрбум тонн/жил байх боломжтой ажээ. Энэ нь аж үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах усны хэрэглээг 2015 онд 2010 оныхтой харьцуулахад 30 хувиар бууруулсан байх зорилтод үндэслэсэн урьдчилсан тооцоо ажээ.

Манай улсын хувьд зөвхөн Улаанбаатарт гэхэд ойролцоогоор 160 мянган тонн ус өдөрт хэрэглэдэг гэсэн тойм тооцоо бий. Гэхдээ үүний бараг тал хувь нь цахилгаан станц, аж үйлдвэрийн зориулалтаар ашиглагддаг байх юм. Хэрэв манай улс эдгээр үйлдвэрийн салбаруудад дахин боловсруулсан ус нийлүүлж чадвал хотын усны хэрэглээг илүү ухаалгаар шийдвэрлэх боломжтойг эрдэмтэд сануулдаг.

Өмнийн говьд хэрэгжих гэж буй Оюутолгой, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт олон томоохон төслүүдэд ашиглагдах усны хэрэглээ Улаанбаатар хотынхоос хавьгүй өндөр байх нь тодорхой юм. Дэлхийн банкны судалгаагаар Өмнийн говийн бүсийн усны хэрэглээ өдөртөө 350-500 мянган тонн болох ажээ. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой төсөлд гэхэд өдөрт 200 мянган тонн ус ашиглах төлөвтэй байгааг судалгаа шинжилгээний үр дүнгээс харж болно.

Ийм нөхцөлд манай улс усны хэрэглээний менежмент болон төлөвлөгөөг маш нарийн боловсруулж, энэ салбарт тун их хөрөнгө зарцуулах шаардлагатай байгаа нь сүүлийн жилүүдийн хуурайшилтаас бүр ч илүү тод харагдаж байгаа юм. Уул уурхай бол усны “мангас” гэгддэг. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарын дэргэд уул уурхайн салбарын усны хэрэглээ төдийлөн их биш болох нь Австрали, Канад, АНУ-ын уул уурхай өндөр хөгжсөн орнуудын   жишгээс харагддаг. Зөвхөн уул уурхайд бус, хөдөө аж ахуй болон бусад ногоон салбаруудад түшиглэсэн эдийн засагтай улс болох хэтийн зорилт тавиад буй Монголд өнөөдөр усны нөөцийг хэрхэн хамгаалж, аривжуулах тухай бодлого, бодитой ажил хийж бүтээгдэхээ хүлээж байна. 

Б.Төгс