Австралийн төдийгүй дэлхийн хоёр дахь хамгийн том нүүрсний боомт “Ньюкасл”-ыг эзэмших эрхийг Хятадын консорциум 1.75 тэрбум австрали доллараар авчээ. Тодруулбал 98 жилийн хугацаатай түрээсийн журмаар боомтыг эзэмших ажээ. Уг нь “Ньюкасл” боомтыг эзэмшүүлэхээр дуудлага худалдааны эхний үнийг 700 сая доллар гэж зарласан байжээ. Энэхүү дуудлага худалдаанд нийт таван консорциум оролцсоны дунд Хятадын “China Merchants Group” болон “Hastings Funds Management” компанийн нэгдэл хүчтэй өрсөлдөж ялжээ. China Merchants нь Хятадын төрийн өмчийн Хонконгод төвтэй байгууллага бөгөөд боомт, үл хөдлөх хөрөнгө болон эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажээ. Харин Hastings Funds нь Австралид төвтэй компани бөгөөд нисэх буудал, зам харилцаа, боомтод хөрөнгө оруулж ажилладаг байна.
Бусад дөрвөн өрсөлдөгчийн хувьд Хонконгийн биржид бүртгэлтэй “Cheung Kong Infrastructure”, “Global Infrastructure Partners” болон “Deutsche Asset & Wealth”-ийн нэгдэл, “Macquarie” болон “China Construction”-ийн нэгдэл, “ATEC Rail Group” болон “TIAA-CREFF”-ийн нэгдэл оролцжээ.
Уг боомтоор хийсэн нүүрсний экспорт 2012-2013 онд 142.6 сая тоннд хүрсэн нь дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Боомтын экспорт өсч буй нь гэрээний нөхцөл, хямд үнэтэй нь ихээхэн холбоотой байдаг ажээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан санхүүгийн жилийн тайланд Ньюкасл боомт 23 сая австрали долларын цэвэр ашигтай ажилласан гэж өгүүлжээ.
Одоогийн байдлаар боомтын хүчин чадлыг жилд 180 сая тонн болгож нэмэгдүүлээд байгаа ажээ. Цаашид боомтын хүчин чадлыг 50 сая тонноор хоёронтаа нэмэгдүүлэх боломжтой гэж төлөвлөжээ.
Хятад ийнхүү боомтыг түрээсээр
эзэмших эрхийг маш өндөр үнээр худалдаж авсан нь боомтын ирээдүйн боломжийг
харсантай нь холбоотой гэж шинжээчид таамаглаж байна.