Хятадын
төрийн өмчийн “Чалко” компани Монголын нүүрсний салбарт томоохон байр
суурь бүхий “Саутгоби Ресорсез” компанийн 60 хувийг эзэмшихээр гэрээ
байгуулснаа гурван сар хагасын өмнө зарласан билээ. Энэхүү компанийн
Монголд эзэмшдэг Овоот толгой коксжих нүүрсний орд нь ямар үнэ цэнэтэй
болох нь өнгөрсөн хэдхэн сард улам бүр тодорхой харагдлаа. “Чалко”
хэрэвзээ Монголын Засгийн газар Саутгобийн хяналтын багцыг эзэмших
тохиролцоог дэмжихгүй бол олон улсын арбитрийн шүүхээр “заргалдана”
гэдгээ яг наадмын ид үеэр буюу өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн юм.
“Саутгоби
Ресорсез” компани Сингапур, Монголын хооронд байгуулсан Хоёр талын
хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монголын Засгийн газарт уг худалдааны
хэлцлийг нааштайгаар шийдвэрлүүлэх тухай мэдэгдлийг эхлээд хүргүүлэх
ажээ. Монголын Засгийн газарт уг хэлцлийг хянаж зөвшөөрөхөд зургаан
сарын хугацаа өгөх боловч хэрэв Монголын төр уг хэлцлийг зөвшөөрөх
талаас нь хэлэлцэхгүй тохиолдолд арбитрийн шүүхэд дурдсан хугацаанаас
өмнө хандах болно гэдгээ мөн тэмдэглэжээ. УИХ Стратегийн салбар дахь
хөрөнгө оруулалтын тухай дахь хуулиа шинэчилсэн ч “Чалко” “стратегийн”
боломжоо алдахыг хүсэхгүй байна. Уг хууль гарснаар “Чалко”-гийн
Саутгоби-г авах найдвар тасарлаа гэж бодсон. Гэвч одоо Монголын
“стратеги”, “Чалко”-гийн “стратеги” олон улсын шүүхийн тавцанд шийдэгдэх
магадлал өндөр болжээ.
“Чалко”-гийн ард Хятад байгаа гэдгийг
хэн хүнгүй мэдэж буй. Тиймдээ ч “Чалко” алдагдалтай ажиллаж, ихээхэн
өртэй болоод байгаа ч гэлээ 900 сая ам.доллараар “Саутгоби Ресорсез”-ийн
60 орчим хувийг авахаар зэхсэн хэвээр. “Хятад улсад одоо асар их мөнгө
байна, мөн тэд энэ мөнгөө бодит хөрөнгө болгохыг зорьж байна” гэсэн
тайлбарыг олон улсын шинжээчид хийх болсон. Үнэхээр сүүлийн хэдэн жил яг
энэ стратегийг Хятад улс хэрэгжүүлж буй нь Монголд ч тод ажиглагдаж
байна.
Аль ч улсад өөрийн гэсэн “Стратеги” байдаг. Хятад бол
агуу бодлоготой орон гэдгээрээ алдартай. Үүний нэгээхэн тод жишээ нь
2010 онд Хятад газрын ховор элемент, металын хоёрдугаар хагасын
экспортоо 70 хувиар огцом бууруулсан явдал юм. Дэлхийн газрын ховор
элементийн олборлолт, нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаараа хангадаг
Хятад улсын уг алхам АНУ, Япон, Европын холбооны улсуудын дургүйцлийг
ихээр хүргэсэн. Энэ жил эдгээр улс гүрнүүд Дэлхийн худалдааны
байгууллагад уг асуудлаар хэд хэдэн удаа гомдол мэдүүлсэн. Төрөл бүрийн
дэвшилтэт технологи, зэр зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг уг түүхий
эдийн нийлүүлэлтийг хаасан нь Хятадын стратегийн нэг хэсэг байв. Одоо уг
алхмаа Хятад янз бүрээр эерүүлэн тайлбарлаж сууна. Улсын эрдсийн нөөц
баялгийг хамгаалах, хууль бус олборлолтыг зогсоох, байгаль орчноо
хамгаалах зэрэг хариултыг Дэлхийн худалдааны байгууллагад өгснөөр
“заргалдагч” улс орнууд хичнээн гомдолловч Хятад өөрийгөө “цэвэрхэн”
аваад гарч чадаж буйг бид харж байна.
Газрын ховор элемент бол
мэдээж нүүрс биш. Гэхдээ нүүрс бол Монголын стратегийн түүхий эд яах
аргагүй мөн. Өнгөрсөн жилийн байдлаар Монголын нийт экспортын 47.1
хувийг нүүрс эзэлснийг бид мэдэж байгаа. Энэ түүхий эдийн зах зээлийн
аюулгүй байдлыг хамгаалах нь Монгол төрийн зайлшгүй үүрэг бас мөн. Улс
орны эдийн засгийн аюулгүй байдал зэрэг олон асуудал уг худалдааны
хэлцэлтэй холбогдон сөхөгдөнө.
“Чалко”-гийн хувьд ийнхүү
эрчээрээ зүтгэх нь тус компанийн стратегийн дагуу хийж буй алхам. Учир
нь тэд хямд, чанартай нүүрсийг тун ойрхон газраас тогтвортойгоор
худалдаж авдаг байхыг хүсч буй нь эргэлзээгүй.
Уул уурхай өндөр
хөгжсөн Австрали улс ч хөрөнгө оруулалтыг дэмжихдээ тодорхой шаардлага
тавьдаг. Ингэхдээ Австрали компани, Австрали удирдлага, Австрали
ажилтнуудын оролцоотойгоор гэсэн нөхцөлийн дор Австралийн эрх ашгийг
нэгдүгээрт харгалзан үзэж, дээрх нөхцөлүүдийг хөрөнгө оруулагч талаар
зөвшөөрүүлж байж тухайн худалдааны хэлцлийг дэмждэг байна.
Б.Төгс