Монголд газрын тосны хайгуулын үйл
ажиллагаа явуулдаг Австралийн “Wolf Petroleum” компани Австралийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй “Strzelecki Metals Limited” компанитай
нэгдэхээр болжээ. “Strzelecki Metals Limited” нь “Wolf Petroleum”-ын нэг
ширхэг хувьцаанд өөрийн 25 ширхэг хувьцааг санал болгосноор хоёр
компани нэгдсэний дараа “Wolf Petroleum”-ын хувьцаа эзэмшигчид
“Strzelecki Metals Limited” 83 хувийн хувьцааг эзэмших юм байна.
“Wolf Petroleum” энэ жил Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр
төлөвлөж байсан. Зах зээл тааламжгүй байгаагаас IPO хийхээ больж, биржид
бүртгэлтэй компанитай нэгдэж, хөрөнгө босгохоор болжээ. Хоёр компани
нэгдсэний дараа нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө магадгүй юм байна.
Австралийн хөрөнгийн бирж дээр “Strzelecki Metals Limited”-ийн нэгж
хувьцаа 2,1 австрали центээр арилжаалагдаж байгаа нь “Wolf Petroleum”-ын
нэгж хувьцаа 50 центээр үнэлэгдсэн гэсэн үг юм.
“Wolf Petroleum” нь Монголд газрын тосны хайгуулын гурван талбай
эзэмшдэг бөгөөд Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар
ажиллаж байгаа. Хамгийн том төсөл нь 8744 км.кв талбай бүхий Баруун Урт
хайгуулын талбай. Уг талбай “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн газрын тос
олборлож байгаа талбай болон “Петро Матад”-ын талбайн хооронд байрладаг
болохоор газрын тос илрэх магадлал өндөр юм. “Wolf Petroleum” компанийн
гол хувьцаа эзэмшигчид нь Австралийн “Garrison Capital”, “CPS
Securities” болон Гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж нар.
Харин Австралийн “Strzelecki Metals Limited” Польшийн өмнөд хэсэгболон
Австралид зэс, молибдений хайгуулын лиценз эзэмшдэг. Польш улсад Варшав
хотоос баруун урд, Краков хотоос 80 км зайтай зэс- молибден- вольфрамын
Myszkow төсөл нь нэлээд амжилттай хэрэгжиж байгаа аж. Гүйцэтгэх
захирлаар нь “Wolf Petrolium”-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Маттью
Вүүд / Matthew Wood/ ажилладаг. Маттью Вүүд нь “Хүннү Коул”-ыг байгуулж
байсан, одоо “Wolf Petrolium”-аас гадна Асвтралийн хөрөнгийн биржид
бүртгэлтэй “Харанга Ресурс” болон “Вояажер Ресурс”-ын ТУЗ-ын даргаар
ажилладаг, гол хувьцаа эзэмшигч нь юм.
С.Болд-Эрдэнэ