Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Засгийн газрын цаг”-т мэргэжилтнүүд оролцох нь илүү чухал

Анхны бүхэн айдас бэрхшээлтэй хэдий ч өөрчлөлт шинэчлэлийг дагуулдаг. Монголын ашигт малтмалын салбарыг олон улсад таниулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах “Дисковер Монгол” хурал үзэсгэлэнг зохион байгуулсан цагаас хойш хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.

Анхны чуулга уулзалтыг зохион байгуулсан дурсамжаас яриагаа эхлэх үү?

2002 онд Монгол улсад олон улсын хөрөнгө оруулагчдын хоёрдугаар чуулга уулзалт нээгдсэн юм. Тухайн үед Уул уурхайн үндэсний ассоциаци /УУҮА/  ердөө 2-3 хүнтэй байхдаа тэрхүү арга хэмжээний хүрээнд өнөөгийн “Улаанбаатар палас”-т жижиг үзэсгэлэн зохион байгуулах анхны оролдлогыг хийж билээ. Канадын Торонто хотноо дэлхийн хэмжээний үзэсгэлэн- хурал жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг. Тэрхүү чуулганд 2003 онд оролцоод ирсэн “Монруд”, “Майн инфо” зэрэг компанийн удирдлага, Ассоциацийн ерөнхийлөгч зэрэг хүмүүс ярилцаж байгаад гадаадад болдог ийм арга хэмжээг Монголдоо зохион байгуулахаар шийдсэн. Ингээд анх удаа “Чингис” зочид буудлын гуравдугаар давхарт 250 суудал засч, ердөө урд өдрөөс нь бүртгэлээ эхлүүлж байлаа. Хэчнээн хүн оролцохыг нь мэддэггүй...

“Хүн ирэх болов уу, яах бол” гээд урьд шөнө нь нойргүй хоносон доо. Тэгээд яг нээлтийн өдөр 250 суудал дүүрч, сая нэг сэтгэл амарсан.

Ер нь анх санаачилж, зохион байгуулахдаа арилжааны чиглэлийн арга хэмжээ болгож, ердийн сонирхогчид бус, жинхэнэ хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, судлаачдыг төлбөртэйгээр оролцуулахыг зорьсон. Мөн уул уурхайн салбарыг дэлхийн хэмжээнд сурталчлахаас гадна, Монголдоо энэ салбарт бизнес эрхэлдэг хүмүүсийг хооронд нь уулзуулан, хэрэгжүүлж чадсан туршлага, тулгарч буй бэрхшээлийнхээ талаар илэн далангүй хэлэлцүүлэх талбар болгохыг хүссэн. Тэр үед дэлхийн зах зээл дээр металын үнэ дөнгөж сэргэж, Оюутолгой орд нээгдчихсэн байсан нь гадаад, дотоодын компаниуд өргөнөөр оролцоход түлхэц болсон юм.

Яагаад “Discover Mongolia” гэдэг нэрийг өгсөн юм бэ?

Арга хэмжээ маань ямар нэртэй байх талаар бид нэлээд ярилцсан л даа. “Discover” нь ямар нэгэн зүйлийг нээх гэсэн үг. Уул уурхайд орд нээхийг бас “discover” гэдэг. Геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг уриалан дуудах, энэхүү салбараа сурталчлах учир Монголыг уул уурхай, геологи талаас нь дэлхийд нээх гэсэн утгаар нь “Дисковер Монгол” нэрийг өгсөн юм.

Ингэхэд анхны хурал ямар уриатай байсан бол?


Эртний Ромын Цезарь хааны алдарт үг “Veni vidi vici” буюу “Ирлээ, харлаа, яллаа” гэдгээс жишээ аван “Монголд ирлээ, харлаа, хөрөнгө орууллаа” гэсэн утгаар “Veni vidi invest” гэсэн уриатай эхэлж байсан. Ийм уриатайгаар 3-4 жил зохион байгуулагдаж байлаа.

Одоогоос 10 жилийн өмнө, Монголын уул уурхай дэлхийд төдийлөн танигдаагүй үед ийм төрлийн хурлыг анхлан зохион байгуулах, хөрөнгө оруулагчдыг оролцуулахад хүндрэл, бэрхшээл их гарч байсан биз ээ?

Хурал, үзэсгэлэнгийн тасалбарын үнэ гадныханд 450 ам.доллар, монголчууддаа 100 ам.доллар байсан шиг санана. Тэр үед аливаа чуулга уулзалт үнэ төлбөргүй зохион байгуулагддаг байв. Өөрөөр хэлбэл, мөнгө төлж мэдээлэл авах тухай ойлголт үгүй байлаа. Гэтэл анх удаа төлбөртэй хурал зохион байгуулахад хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол бидэнд мэдээж байсан. Сонирхлын үүднээс мэдээлэл авч байдагтаа монголчууд дасчихсан. Ийм хэвшмэл ойлголтыг давж гарах л гол бэрхшээл байсан болов уу. 2001 онд Торонтод “Айвенхоу Майнз” компани Монголд Оюутолгой орд газар нээсэн тухай маш том сурталчилгаа хийгдэж, 65 сая ам.долларын хөрөнгө хүртэл босгоод байсан учир дэлхий Монголыг сонирхоод эхэлчихсэн үе. Яг ийм үед анхныхаа хурал үзэсгэлэнг зохион байгуулж таарсан болохоор айхтар саад бэрхшээл тулгараагүй.

Монголын уул уурхайг дэлхийд таниулах анхны чуулга уулзалтын төлөөлөгчдөд зориулсан тараах материалыг ямар утга агуулгыг бодож бэлтгэж байв?


Хурлын төлөөлөгчдөд зориулсан цүнхэнд үзэг бал, илтгэл, ивээн тэтгэгчдийн сурталчилгаа бүхий танилцуулгыг хийдэг жишиг бий. Харин “Дисковер Монгол” чуулган эдгээр зүйлсийг Хятад, Солонгос гээд гаднаас авчрахгүй, Монголдоо хийлгэе гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл хурлаас орж ирэх хөрөнгийг дотооддоо шингээх, тэр дундаа эмзэг давхарга болоод жижиг дунд бизнесийг давхар дэмжихэд зориулахаар шийдсэн юм. Олон санаа уралдуулсаар эцэст нь эсгийг сонголоо. Ингээд Дарханд өрх толгойлсон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн жижиг дунд үйлдвэрт 250 ширхэг эсгий цүнхний захиалга өгсөн юм.

Хурлын дараа, зохион байгуулагчдын хүлээн авалт дээр үйлдвэрийн төлөөлөгчдийг урьж, танилцуулж байлаа. Бидний өгсөн захиалга нь тэрхүү авсаархан үйлдвэрт эхний томоохон санхүүжилт болсон гэдэг. Гадаадын төлөөлөгчдөд эсгий цүнх их сонин содон санагдаж байсан. Харин хэлбэр, уян хатан чанар гээд хэрэглээний хувьд жаахан хүндрэлтэй тал бий. Дараа жил нь цүнхээ илгээр хийж үзсэн, гэтэл эсгийнээсээ ч тааруу, бүр шалчгар болчихов. Тэгсэн байгаль экологийн чиглэлийн нэг хурал дээр брезентэн цүнх тарааж байгааг үзлээ. Дээр үед геологчдийн гээд брезентээр хийсэн их сайн цүнх байдаг байлаа. Ингээд брезентээр хурлын төлөөлөгчдөд зориулсан дажгүй сайхан цүнх хийлгэж, тэрхүү уламжлалаа өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй. Иймэрхүү дурсамж өнөөдөр мэдээж сонин сонсогдох байх. Өргөмжлөлийн хувьд Чингис хааны дүрийг товойлгож, түүнчлэн бамбай хүртэл хийж үзсэн. Нэг талдаа үндэсний түүх соёлоо тодруулж, урлагийн бүтээл талаас нь ч их бодолцсон. 
 
“Дисковер Монгол” хурлын хөрөнгө оруулагчдын анхаарал сонирхлыг хамгийн ихээр татдаг хэсэг “Засгийн газрын цаг” байдаг. Төр засгийн удирдлагууд энэ хурлыг зохион байгуулах болсныг анх хэрхэн хүлээн авсан бэ, хэр дэмжиж ирэв?


Манай Ассоциаци Ашигт малтмалын газар ба ЭБЭХЯ-тай мэргэжлийн түвшинд их сайн холбоотой ажилладаг. Тийм ч учир салбарын Яам маань хурлын албан ёсны дэмжигч байдаг. Анхны хурлын нээлтэд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр оролцож байлаа. Засгийн газраас огт хөрөнгө зардал шаардаагүй, мөн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхож буй асуултад төрийн бодлогын талаар хариулт өгөх бололцоо нээгддэг учир их сайн дэмжигдсэн. Үүнээс өмнө 1997, 2002 онд Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Дэлхийн банк, Монголын Засгийн газар санхүүжүүлэн хамтран зохион байгуулсан байдаг.

Сүүлийн жилүүдэд “Засгийн газрын цаг”-т бодлого тодорхойлогчид оролцох нь багаслаа гэсэн шүүмжлэл сонстох болсон. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?

Засгийн газрын бодлого дөрвөн жилд өөрчлөгдөхгүй. Бодлогод өөрчлөлт орох гэж байгаа, эсвэл зарчмын ямар нэг өөрчлөлт хийгдсэн тухай  мэдээлэх тайлбарлахаас биш, өөрөөр байнга давтаж яриад байх зүйл үгүй шүү дээ. “Засгийн газрын цаг” нь үнэн бодит мэдээлэл харилцан солилцдог, салбарын өмнө тулгарч буй, аль аль талынхаа бэрхшээлийг хуваалцдаг талбар байхыг л чухалчилдаг. Ер нь зах зээл сайн хөгжсөн орнуудад ийм төрлийн хуралд төр, засгийн зүгээс том бодлого яриад даргалаад суудаггүй,  харин саад бололгүй,  зөвхөн урилгаар оролцож дэмждэг. Тэгэхээр асуудал шийдэх гэж бус, хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй зүйлд хариулт өгөх гэж “Засгийн газрын цаг”-ийг бий болгосон. Үүнд Ерөнхий сайд биш харин ч газар дээр нь гардан ажиллаж, шууд харьцаж байдаг мэргэжилтнүүд оролцох нь илүү чухал. Бүр нарийн ярих юм бол хүнд суртал бий болгоод байгаа хэсэгтэй уулзах хэрэгтэй юм.

Анхны чуулган дээр ямар илтгэлүүд тавигдаж, хэлэлцсэн гол асуудлууд чухам юу байсан нь сонин?

Хурлын эхний өдөр ивээн тэтгэгчид гол төлөв үйл ажиллагаагаа таниулан сурталчилдаг байсан. Хоёр дахь өдөр нь, шинээр зарлах гэж буй ордын хайгуулын төсөлд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зорилго бүхий хайгуулын илтгэлүүд олон тавигдаж байж. Хайгуулын чиглэлийн илтгэлүүд яваандаа багассаар, “ Дисковер Монгол” хуралд өнөөдөр илүү бодлогын чанартай, бүс нутаг болоод олон улсын хэмжээний илтгэлүүд давамгайлах болжээ. Эхлээд хайгуулын хөрөнгө оруулалт, дараа нь төслийнх байсан бол эдүгээ   ханган нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалт эрчимжлээ. Үүний зэрэгцээ дэлхийн уул уурхайн хэмжээнд тавигдаж байгаа компанийн нийгмийн хариуцлага, ил тод байдлын санаачилга зэрэг асуудлыг хэлэлцэх шаардлагатай болж байна.

Ер нь өнгөрсөн 10 жилд зохион байгуулах хорооны гишүүд дөрвөн удаа л солигдсон юм. Жил бүрийн хурлын дараа хорооны гишүүд мөн жилийн арга хэмжээний алдаа оноо болоод дараагийн удаа нэмэх шинэ зүйлүүдийн талаар ярилцаж, санал бодлоо хуваалцдаг. Зохион байгуулагч байгууллагууд маань одоо дундаасаа нэг төлөөлөл бий болгоод, тэр нь “Дисковер Монгол”-ийн менежментийг авч явдаг болсон. Өөрөөр хэлбэл одоо бид өөрсдөө бус, аль болох залуусаа татан оролцуулж, тэд маань арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Одоо уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр жилдээ маш олон хурал чуулган зохион байгуулагддаг болжээ. Нэг талаасаа “Дисковер Монгол” маань олон “хүүхэд” төрүүллээ. Энэ олон хурлын чанар сайн, муу нь тодорхой хугацааны дараа  мэдэгдэнэ.

“Дисковер Монгол” чуулга уулзалт нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой билээ. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан нь хөрөнгө оруулагчдад багагүй айдас төрүүлсэн. Энэхүү хуулийн зохицуулалттай холбоотой асуудлыг “Дисковер Монгол” чуулга уулзалтаар хөндөхөөр төлөвлөж юу?

“Эрх зүйн шинэчлэл” хуралдаан дээр гурван илтгэл тавигдах юм. Эдгээр илтгэлд ямар нэг байдлаар уг хуулийн тухай хөндөгдөх байх. Шинэтгэл хэрэгтэй боловчиг хавтгайруулсан гэх талаас нь илүү шүүмжлэлтэй хандах болов уу. Цаашид хөрөнгө оруулалтын орчинд дээрх хууль хэрхэн нөлөөлөх талаар оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоог нээж өгнө.

Үүнээс гадна “Суурь бүтцийн хурал” гэж зохион байгуулагдана. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлох болсон уул уурхайгаас гадна боловсруулах үйлдвэр, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухай хэлэлцэх юм. Дэд бүтэц бус, харин суурь бүтэц хэмээн бид нэрлэсэн. Суурь бүтцээ хөгжүүлж гэмээнэ бусад зүйлээ хөгжүүлнэ гэсэн утгаар нэр томъёог нь бид ярилцаад өөрчилсөн юм. Энэ хурал дээр эрчим хүчний хангалт, авто болон төмөр зам,  тээвэр, гаалийн нэвтрүүлэх чадвар зэрэг асуудал яригдах ёстой.

Хожим 10 жилийн дараа, “Дисковер Монгол”-ын цар хүрээ ийн тэлж, олон улсын хэмжээнд томоохон ач холбогдолтой болно хэмээн төсөөлж байв уу?


 “Ийм арга хэмжээ Монголд хэрэгтэй. Заавал төр, засаг гэлтгүй хувийн компаниуд илүү анхаарч энэ ажлыг санаачилж хийх ёстой юм” гэсэн бодол анх төрж байлаа. Зөв зам дээр зогсож байна гэдгээ харж чадсан. Тэр үед одоогийнх шиг бэлэн зэлэн зүйл ховор байжээ. Бид Зуун айлын дэлгүүрүүдээр явж, үзэсгэлэнгийнхээ самбарын рамыг зангидуулж хийлгэнэ. Бусад жижиг сажиг, нааж цавуудах зүйлээ өөрсдөө нойргүй хонож хийнэ. Ийм байдлаар бараг 4-3 жил явсан шүү дээ. Сүүлд Худалдаа, аж үйлдвэрийн танхим үзэсгэлэнгийн самбаруудтай болж, тэндээс түрээсэлдэг боллоо. Хожим ярилцаж байгаад, хоёр жилийн өмнөөс “Прайм инфо” компани дээрээ 90 гаруй самбар худалдаж авсан юм. Иймэрхүү янз бүрийн л бэрхшээлүүд учирч байсан, гэхдээ бид шантраагүй. Гэхдээ тодорхой санхүүжилтгүйгээр томоохон хурал зохион байгуулахад хэцүү гэдгийг ойлгосон. Ингээд “Эхний эрсдэлтэй мөнгийг гаргая. Шатвал бид нар өөрсдөө шатъя” гээд “Монруд”, “Прайм инфо” хоёр компани тус бүр 5000 ам.доллар гаргаж байв. Ингэж 2003 онд 10 мянган ам.долларын зардлаар “Дисковер Монгол” хурлыг анх зохион байгуулсан түүхтэй. 
  
10 жилийн ойн чуулга уулзалтын онцлог юу байх бол оо? Ойд зориулан ямар зүйлүүд шинээр зохион байгуулагдах вэ?


Энэ жилээс “Хайгуул олборлолтоос хөгжил дэвшил өөд” гэсэн шинэ уриатай болж байна. Уул уурхайгаас орох ирээдүйн орлогыг хөгжил рүү хэрхэн чиглүүлэх асуудлыг нухацтай хөндөх зорилгоор ийнхүү уриагаа өөрчилсөн. Мөн ойн хүрээнд уул уурхайн салбарын залуу, дунд, ахмад гурван үеийн уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Арга хэмжээнийхээ өмнө салбарын таниулах сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай боллоо. Бусдаар бол үндсэн хэлбэрээ өөрчлөхгүй.

Та уул уурхайн салбартай амьдралаа холбосон, мэргэжлийн хүн. Монголын уул уурхайн ирээдүйг хэрхэн харж байна вэ? Энэ салбарын эрчимтэй өсөлт юу авчрах бол? Баялгаа бид зөв зарцуулж байна уу?

Уул уурхайн салбарт 30-аад жил ажилласан болоод ч тэр үү салбарынхаа ирээдүйг эергээр хардаг. Хамгийн энгийнээр бодоход Оюутолгой, Тавантолгой ордууд маш том төсөл шүү дээ. Эдгээрийн үйл ажиллагаанаас орж ирэх экспортын орлого үлэмж нэмэгдэнэ. Хамгийн гол асуудал нь тэр орлогыг хэрхэн зөв зарцуулах тухай юм. Сар болгон 21 мянган төгрөгийг хүн бүрт тараах нь гол зорилго биш. Эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээнд зарцуулж, суурь бүтцээ байгуулах зэргээр л хүн бүрт үр ашгийг нь бодитой хүртээхийг чухалчлах ёстой гэж боддог.       
 
Ярилцсан Э. Оджаргал