Хятадын Төв банкны зөвлөх Юү Ёондин “Тус улсын эдийн засгийн өсөлт энэ улиралд удааширна” гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдлээс үүдэн Хятадын хөрөнгийн захын индекс 2009 оноос хойшх хамгийн доод түвшинд очоод байна.
Өмнөд хөршийн хамгийн том метал үйлдвэрлэгч “Jiangxi Copper” компанийн хувьцааны үнэлгээ 3.2 хувиар унаж, нэгж нь 21.89 юань, хамгийн том нүүрс олборлогч болох “Shenhua” группынх 1.3 хувиар буурч, нэгж хувьцаа нь 21.96 юань болов. Мөн тус улсын дөрөв дэх том даатгалын компани болох “China Pacific Insurance” группын хувьцаа 2.2 хувиар тус тус унаад байгаа юм.
Энэ оны хоёрдугаар улирлын ашиг орлогын үнэлгээний дүн гарахад “Weichai Power” компанийн орлого огцом буурсан нь 2010 оны арваннэгдүгээр сараас хойшх хамгийн том уналт болжээ.
“Эдийн засаг тооцоолж байснаас маш хурдан уруудаж байна. Энэ тал дээр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого дэндүү удаашралтай” гэж “Dazhong Insurance” компанийн Шанхайн салбарын үнэт цаасны менежер Вү Кан Засгийн газраа шүүмжилжээ.
Г.Батболд