Одоогоос
арван жилийн өмнө Монголын эрдэс баялгийн салбарыг дэлхийд таниулах
зорилготойгоор “Дисковер Монгол” чуулга уулзалтыг эхлүүлсэн түүхтэй.
Өдгөө хөрөнгө оруулагчдын дунд энэ нэр брэнд болж, олон улсын хэмжээний
чуулган болтлоо өргөжин тэлжээ. Зохион байгуулах хорооны гишүүн, “Эм Ай
Эйч” группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
Таныг
Ашигт малтмалын газрын даргын албыг хашиж байх үед “Дисковер Монгол”
анхны чуулга уулзалт зохион байгуулагдаж байжээ. Тэр үед Монголын уул
уурхайн салбарын хөгжил ямар түвшинд байсан бол? Арван
жилийн өмнөх үйл явдлыг эргээд санахад их тааламжтай байна. Канадын
Торонто хотноо зохион байгуулагддаг олон улсын уул уурхайн хөрөнгө
оруулагчдын томоохон чуулга уулзалтаас санаа авч анхныхаа “Дисковер
Монгол” хурлыг зохион байгуулж байлаа. Тэр үеийн хөрөнгө оруулагчдын
жагсаалтыг өнөөгийн Монголд байгаа компаниудын нэрстэй харьцуулахад 5-6
дахин бага, чанартай нь цөөхөн байж. Хайгуулын ажил руу голлон
сонирхлоо хандуулсан Канад, Австралийн “жуниор” компаниудаас тэрхүү
жагсаалт бүрдсэн санагдана. Оюутолгой орд дөнгөж нээгдсэн үе байлаа.
Гадаадын
хөрөнгө оруулагчид Монгол руу бүгдээрээ хадаг бариад гүйж ирэх ёстой
гэсэн ойлголт байдаг. Гэтэл бид түүхээ эргээд харах юм бол 1990 оны
ардчилсан хувьсгалаас хойш Монгол улс өөрийн бүхэл бүтэн тогтолцоог
өөрчилсний дараа манай улсад хамгийн түрүүнд тохиолдсон хүндрэл нь эдийн
засгийн их хэмжээний татаас ЗХУ-тайгаа хамт алга болсон явдал. Тухайн
үеийн төрийн зүтгэлтнүүдийн олон жилийн нөр хөдөлмөрийн үр дүнд цаашид
эдийн засгийг авч явах салбар маань яах аргагүй уул уурхай гэдэг дээр
санал нэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах алхмууд хийгдсэн.
Төр,
иргэд болон хувийн хэвшлийнхэн нь ч мөнгөгүй, хайгуулын ажилд хөрөнгө
зарцуулах нь байтугай тэтгэвэр тэтгэмж, цалингаа цагт нь тавьж чаддаггүй
байсан үе. Тиймээс хөрөнгө оруулалтыг гаднаас татахаас өөр аргагүй
байв. Ийм үед, 1994 онд Ашигт малтмалын тухай анхны хууль гарсан юм. Уг
хуулиараа бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй юм байна гэдэг
нь тодорхой болсон. Тиймээс 1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа
Дэлхийн банкныхантай ярилцаж, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө
оруулалтыг идэвхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ хэмээн тусгай Зөвлөх
уриад, Монголд Ажлын хэсэг байгуулан Ашигт малтмалын тухай өнөөх
“алдарт” хуулийг гаргаж анх батлуулсан юм.
Монголдоо хөрөнгө
оруулалтыг татах нь хуулийн гол зорилго гэж бид ярьдаг байлаа. “Хоёр
дахь Эрдэнэтийг Монголд нээчихвэл энэ хуулийн маань гол зорилго
биелчихнэ дээ”, “Дэлхийн хэмжээнд хайгуулын ажилд 5-6 тэрбум ам.доллар
зарцуулагддаг. Үүний ганц хувийг л Монголдоо татчих юмсан” гэж мөрөөдөж
явлаа шүү дээ. Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулах Ажлын хэсэг
дээр ийм яриа өрнөж байв. Нэг талаасаа, Монгол ийм хуультай, геологи,
эдийн засаг нь ийм боломжтой гэдгийг таниулах асар их ажлыг хийх ёстой
байлаа. Ашигт малтмалын газрын даргын хувьд төрийг төлөөлөн Монгол орноо
сурталчлах боломжийг илүү өргөн нээж өгөх зорилгоор Уул уурхайн
ассоциаци ба хувийн 2-3 компанитай хамтран “Дисковер Монгол” чуулга
уулзалтыг анх зохион байгуулсан. Анхны хурал маш амжилттай болсон.
Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг даллан дуудсан томоохон арга хэмжээ болтлоо
өргөжжээ. Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх,
өнөөгийн зэрэгт хүргэхэд “Дисковер Монгол” ихээхэн хувь нэмэр оруулсныг
цохон тэмдэглэе.
Уул уурхайн салбарт өдгөө зохион
байгуулагдаж буй олон хурлын талаар Та юу хэлэх вэ? “Дисковер Монгол”
чуулга юугаараа ялгардаг вэ?
Зах зээл хөгжсөн орнуудад олон
нийтийг хамарсан арга хэмжээ, чуулга уулзалт бизнесийн нэг хэлбэр
болдог. Бидний хувьд “Дисковер Монгол” чуулганыг олон улсын жишигт
нийцсэн өндөр түвшинд анхнаас нь зохион байгуулахсан гэсэн эрмэлзэл тээж
ирсэн. Чуулга уулзалтаас орж ирэх аливаа хөрөнгийг дотооддоо үлдээнэ
гэж эхнээсээ зорьсон зэрэг бидний эрмэлзэл их тодорхой явж ирсэн. Харин
өнөөдөр бол олон нийтийг хамарсан ийм төрлийн арга хэмжээгээр хялбархан
мөнгө олох гэсэн оролдлогууд их гардаг болсон байна. Хамгийн муухай нь
сүүлийн үед төрийн байгууллагын нэр хүнд, эрх мэдлийг ашиглан салбартаа
үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дарамталж, элдэв хэлбэрээр ивээн
тэтгүүлэн мөнгө авч, болсон болоогүй хурал зохион байгуулах тохиолдол
гарч байгаа нь туйлын харамсалтай.
“Дисковер Монгол” чуулга
уулзалт нь өөрийн гэсэн тогтсон ёс жаягтай, түүндээ захирагдаж явдаг.
Бүс нутаг, олон улсын хэмжээнд нэр хүндтэй, хэлсэн үг нь тухайн салбарын
хэмжээнд жин дарах тийм л хүмүүсийг урьж, илтгэлийг нь сонсгох юмсан
гэж зорьдог. Энэ удаагийн чуулган дээр БНСУ, Японы томоохон Судалгааны
хүрээлэнгийн Захирлууд ирж илтгэл тавина. Мөн Хятад, ОХУ-аас ч ийм
хэмжээний хүмүүс хүрэлцэн ирнэ.
Манай уул уурхайн асуудал зөвхөн Монголын хэмжээнд яригдахаа больсон гэж ойлгож болох уу?Тэгэлгүй
яахав. Монгол улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг нь бөгөөд тодруулбал,
Зүүн хойд Азийн нөлөө бүхий тоглогчийн нэг болсон. Уул уурхай гэхээр
зөвхөн нүүрс тээвэрлэж, алт ухдаг юм шиг ойлгож болохгүй. Ер нь хүн
төрөлхтөн өдөр тутмынхаа хэрэгцээг хангахын тулд дэлхийн хэмжээнд жилдээ
3-4 тэрбум тонн хатуу ашигт малтмалыг ухаж ашигладаг юм шүү дээ. Тэр
байтугай бидний идэж хэрэглэж буй бүхий л хоол хүнсийг хийдэг зүйлсийг
газраас ухаж авдаг. Зөвхөн алт, нүүрсээ зарснаараа бүс нутагтаа томоохон
тоглогч болно гэвэл түүн шиг эндүүрэл үгүй. Монголын алт, зэсгүйгээр
дэлхий цаашид ч хөгжинө. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монгол улсын явуулж
ирсэн бодлогын дүнд гадаадын хөрөнгө оруулалт идэвхжсэн.
Яг л
энэ бодлогын үр дүнд томоохон орд газруудыг эзэмших үйл ажиллагаа өрнөж
байна. Энэ нь Монгол улсын түүхэнд тохиож буй сайхан боломжийн нэг юм.
Боломжийг аль болох өргөн хүрээтэй ашиглах хэрэгтэй. Гадаадынхан биднийг
гуйх ёстой гэсэн маягаар хандаад байвал эерэг гэхээсээ илүү сөрөг талыг
бий болгох аюултай.
Энэ жилийн “Дисковер Монгол” чуулга
уулзалтын үеэр бүс нутгийн асуудал ихээхэн яригдана. Монголын давуу
талыг хэрхэн бүс нутгийн хэмжээнд давуу тал болгох вэ, өөрсдийн эдийн
засгийг бүс нутгийн эдийн засгийн хэрэгцээ нийлүүлэлттэй хэрхэн
уялдуулан хамаатуулах вэ? Тээвэр, холбооноос авахуулаад мэдээлэл
харилцаа, санхүүгийн үйлчилгээ гээд бүх зүйл хүссэн хүсээгүй дэлхийн
эдийн засагтайгаа уялдаж эхэлж байна. Тиймээс ирээдүйд хамгийн зөв
байршил юу байхав гэдгийг бид ярих ёстой. ”Дисковер Монгол” чуулга
уулзалтаас энэ чиглэлийн нэлээд чанартай, хэрэгтэй мэдээллүүдийг олж
авах боломжтой.
Монгол улсын уул уурхайн салбарын өнөөгийн түвшин дэлхийн улс орнуудтай харьцуулахад хаана нь явж байна вэ? Хоёр
өнцгөөс харж байна. Нэг тал нь, зах зээлийн эдийг засаг руу гараагаа
хамт эхэлсэн Киргиз, Казахстан зэрэг, тэр байтугай Хятад улстай
харьцуулахад манай уул уурхайн хөгжил илүү урагшаа явчихсан. Байгалийн
нөөц гэдэг өөрөө баялаг юм. Энэхүү баялгийг ашиглах асуудал манай ард
иргэдийн дунд чөлөөтэй хэлэлцэгдэж байна. Хэлэлцэх орчин байгаа нь
нийгэм эрүүл буйг илтгэнэ. Бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдэд олон
нийтийн санаа оноо хүрэх боломж нээлттэй байгаа гэдгээрээ бид мөн ч их
урагш явсан.
Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд өөрчлөлт
оруулахад манай иргэд маш идэвхтэй оролцсон. Үндсэн хуулиа хэлэлцэж
баталж байхад ч тийм хэмжээнд мэтгэлцээн гараагүй шүү дээ. Тэгэхээр энэ
нь зөв тогтолцоо юм болов уу гэж харж байна.
2012 оны
Парламентын сонгуулийн дүнд бүрдсэн Эвслийн шинэ Засгийн газрын бодлого
ямар байх бол? Ялангуяа уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрхэн
өөрчлөгдөх бол гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад байна?Дэлхийн
зах зээл дээр ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний үнэ өндөр
болохоор “Миний газар шороо, миний эх орон. Бид нар хамгаална, өмгөөлнө“
гээд л хаа сайгүй “ардын баатар”-ууд их гарч ирдэг юм байна. Үүний тод
жишээ өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулийн үеэр их тод харагдлаа
шүү дээ. Бүх улс төрийн намууд нэг зохиомол дайсан бий болгоод,
тэрнээсээ Монголын ард түмнээ өмөөрөөд л. Уул уурхайн чиглэлээр үйл
ажиллагаа явуулж буй компаниудаа “хөлжиж баяжиж, Монголыг мөлжиж байна”
гэх зэрэг элдвээр хэлэв. Популизмд нэвт автсан эмгэнэлтэй үйл явдал.
Ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний үнэ үргэлж ийм өндөр байдаггүй.
Сүүлийн хэдэн жилд Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад үнэ өндөр
болсон юм.
Өнөөдөр дэлхийн судалгаа шинжилгээний байгууллага,
банкуудын үнэлгээнээс харахад бүгд л Хятадын эдийн засаг саарч буйг
анхааруулдаг. Гэтэл бид дотроо хөрөнгө оруулагчдаа “ад үзэж” зохиомол
дайсан болгочихоод дайрч давшилцгааж байна. Ингэсээр байтал
хөдөлмөрлөдөг хүмүүс нь үргээд алга болчих вий. Гэхдээ найдаж буй зүйл
нь нийгэм маань бас ч гэж эрүүл байна. Хэн нь хоосон популизм хийдгийг,
хэн нь хөлс хүч гарган хөдөлмөрлөдгийг хүмүүс ялгадаг болсон гэдэгт
итгэж байна аа.
Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйд
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гарсны дараа Монголын
орд газруудын хувьцааны үнэлгээ огцом унаж эхэлсэн. Цаашдын үр дагаврыг
Та хэрхэн харж байна вэ? Хуучин нийгмээс өвлөж авсан нэг
том гамшиг бидэнд байна. Ялангуяа манай улстөрчид үүнийг маш чадмагаар
өвлөж авсан. Энэ нь сэтгэхүйн гамшиг. Тодруулбал, гадаад нэр томъёо
ашиглах тухай. “Стратеги” гэдэг үгийг одоо болтол ойлгож чадахгүй явна.
Монгол улсын хуульд хүртэл орчихсон үг. Аливаа томоохон зорилгодоо хүрэх
урт хугацааны төлөвлөгөөг “стратеги” хэмээн хэлээд байх шиг. Энэ үг
социализмын үед ЗХУ-аас орж ирсэн. Капитализм, социализм гэсэн хоёр
систем нэг нэгийгээ дарахын төлөө “стратегийн зэвсэг, түүхий эд” гэх
зэрэг нэр томъёо хэрэглэдэг байсан.
Стратегийн ач холбогдол
бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг
нэлээд судалж үзсэн. Эсэргүүцэх нь гол зүйл биш юм. Монгол хүн бүр болж
буй, болохгүй байгаа зүйлээ ярилцах хэрэгтэй. Хуульд “
Хүн амын үндсэн хэрэгцээг хангахуйц.... стратегийн салбарыг .....стратегийн салбар гэнэ”
гэж тодорхойлсон. Энэ нь “Улаан өнгийг улаан өнгө гэнэ” гэдэгтэй яг
ижил юм. Хүн амын үндсэн хэрэгцээ гэж юуг хэлж байгаа юм? Хоол хүнс,
бараа материал, агаар ус уу? Тэгвэл хүн амын үндсэн хэрэгцээ гэдэгт бүх
л зүйл орно. Ингээд үзэхээр стратегийн ангилалд орохгүй салбар гэж
алга.
Төрийн өмчийн оролцоотой, гадаадын нөлөө бүхий
компаниудын сөрөг үйлдлээс улс орныхоо амин чухал, онцгой эрх ашиг
сонирхлыг хамгаалах нь зүй ёсны хэрэг. Тэгвэл шинэ хууль үүнд нийцэж
байна уу гэвэл ҮГҮЙ гэж хэлнэ. Эрх зүйн актын хувьд ямар ч асуудлыг
зохицуулах чадваргүй, харин ч төрийн түшмэд авлига авах үүд хаалгыг нь
нээж өгсөн хууль гарсан. Гадаадын төрийн өмчийн оролцоотой компаниуд
Монголд орж ирснээр үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хаах эрх зүйн акт
болж чадаагүй.
Миний санаж буйгаар Газрын хэвлийн тухай анхны
хууль 1987 онд гарч байхдаа Недрийн тухай хууль гэсэн нэртэй байсан.
“Недр” гэдэг нь орос үг. “Монгол хэл ийм ядмаг болчихсон юм уу. Энэ орос
үгийг орчуулчих үг манайд байдаггүй юм уу” гэх зэрэг араасаа их
шүүмжлэл дагуулсан. Тэгээд манай хэл бичгийн эрдэмтэд ярилцаж байгаад
“Недр гэдэг нь хүний биеэр бол хэвлий юм” гээд Газрын хэвлийн тухай
хууль болгон нэрийг нь өөрчилсөн түүхтэй.
Үүнтэй адил, хэл
бичгийн холбогдох эрдэмтэдтэй уулзахад “стратеги”-тэй дүйх Монгол үг
байдаг юм билээ. УИХ-аас гарах хуулийн төслийг хэрхэн боловсруулах,
ямар нэр томъёо хэрэглэх тухай тусгай хуулийн зохицуулалт байдаг. Ямар
тохиолдолд гадаад үг хэрэглэж болох тухай заалт хүртэл бий. Тэгэхээр УИХ
нь өөрөө хуулиа зөрчин хууль гаргаад байгаа юм. УИХ өөрөө хууль
баримталдаг, мөрддөг эсэх нь Монголын хамгийн том эмгэнэл болчихоод
байгаа юм биш үү.
Энэ жилийн хувьд шинэ Засгийн газар
байгуулагдана. Шинэ Парламентын гишүүд чуулга уулзалтад маань ирээд
гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үгийг сонсож үзмээр байгаа юм. Аль
аль талаасаа өөр өөрийн сонирхолтой. Төрийн бодлого тодорхойлогчид
эдгээр сонирхлыг зөв хослуулсан шийдлүүдийг гаргах боломжийг ирж сонсоно
гэж найдаж байна.
Бодлого тодорхойлогчид сүүлийн жилүүдэд “Засгийн газрын цаг”-т оролцох нь цөөрч, энэ хуралдааны чанар суларсан гэдэг шүү дээ? “Дисковер
Монгол”-ыг зохион байгуулах санааг анх Торонтогийн чуулга уулзалтаас
авсан гэж дээр дурдсан шүү дээ. Торонтогийн чуулга уулзалт дээр Канадын
мужуудын Амбан захирагч, Сайд нар оролцон, уул уурхайн салбарт
хэрэгжүүлж буй бодлого, хууль дүрмээ танилцуулдаг. Болж, бүтэхгүй байгаа
асуудлаа ч нээлттэй хэлэлцдэг юм билээ. Манайхан энэ соёлд суралцмаар.
Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд төр, засгийн байгууллагуудын төлөөлөгчдийн
хувьд тулгарсан хүндрэлийг ойлгож байна. Жишээ нь, Стратегийн ач
холбогдолтой аж ахуйд хөрөнгө оруулахыг хязгаарласан хууль гаргачихаад
хөрөнгө оруулагчдын өмнө ирээд ярина гэдэг хэцүү л байх. Гэхдээ хэцүү
зүйлийг ярихаас зугтаж болохгүй. Асуудал бэрхшээлээ харин ч тайлбарлаж
ярих хэрэгтэй. Олон улсын чанартай чуулган гэхээр заавал сайн сайхныхаа
тухай ярих ёстой биш шүү дээ. “Засгийн газрын цаг” нь бодлого
боловсруулан хэрэгжүүлж буй, нөгөө талаас тэрхүү бодлогод захирагдаж
явдаг хоёр хэсгийг уулзуулан, асуудлыг илэн далангүй ярилцаж,
ойлголцох гүүр байгаасай гэж боддог.
Анхны чуулга уулзалтыг
зохион байгуулж байх үед гадаадын хөрөнгө оруулагчид Монголын уул
уурхайн талаар ямар ойлголттой байсан нь сонин?Гадаадын
хөрөнгө оруулалтыг татна гэхээр хамгийн түрүүнд Монгол хаана байдаг
тухай тайлбарлах хэрэгтэй болдог байлаа. Үнэхээр Монголыг мэддэггүй,
тоодоггүй байсан. Бид Канадын компанийнхантай очоод уулзахад Монголд
очиж үзсэн гэж ярьсан хэрнээ газрын зураг дээр Өвөрмонголыг заасан
юмдаг. Тэр үед хөрөнгө оруулагчдад Монголыг таниулах ажил асар хүнд, их ч
олон давааг туулсан. Бид гурван ч удаа Японы хөрөнгө оруулагч нарт
зориулан тусгайлан Монголын боломжийн талаар танилцуулан хөрөнгө
оруулалт хүсч явсан юм. Өмнөд солонгосчуудад ч мөн адил. Тавантолгойн
орд газарт хүртэл хятадуудыг хөрөнгө оруулаач гэж “царай алдаж” явсан
удаатай.
Тэр үед Монголын боломжийг гадаадад таниулахад хамгийн
их хувь нэмэр оруулсан хүн бол Роберт Фрийдланд юм. Тэрбээр Оюутолгойд
хамгийн анхны амжилттай өрөмдлөг хийж, ийм боломж Монголд асар олон бий
гэсэн дохиог олон улсад өгсөн. Монголын улстөрчидтэй нийлж, нийцэж сайн,
муу хийсэн зүйл түүнд байдаг л байх. Гэхдээ яалт ч үгүй дэлхийн уул
уурхайн газрын зураг дээр Монголын газрын баялгийн боломжийг
тэмдэглүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан компани бол Айвенхоу Майнз
юм. Тэр байтугай BHP Billiton компани нь хамгийн анх Оюутолгойн
лицензийг авчихаад “юм олдохгүй нь ээ” гээд Роберт Фрийдландын толгойлж
байсан Айвенхоу Майнз компанид шилжүүлээд Монголоос гараад явсан.
Дэлхийн хэмжээний BHP компани тэр үйлдлээрээ асар олон хөрөнгө
оруулагчдыг араасаа дагуулан Монголоос гарч явсан юм.
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд тэр үед Оюутолгой, Тавантолгой ордуудын ирээдүйг хэрхэн тодорхойлж байсан бэ?“Монгол
улсын эдийн засаг урьд өмнө үзэгдээгүй хөгжлийн түвшинд хүрэх гэж буй
тул үүнд дэд бүтцээ бэлдэх хэрэгтэй” гэсэн дүгнэлтэд 2004 онд Ашигт
малтмалын хэрэг эрхлэх газар хүрсэн юм. Үүнийгээ тайлан болгоод Засгийн
газар, Яам руу хүргүүлж байлаа. Харамсалтай нь тэр үеэс уул уурхайг
тойрсон хийрхлүүд эхэлсэн. Дэлхийн зах зээл дэх байгалийн түүхий эдийн
үнэ өсч байв. Тэр үед бид Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын
өсөлтийг даруу, дунд, мөрөөдлийн гэсэн гурван хувилбараар тодорхойлж
гаргасан. Өнгөрсөн жилийн “Дисковер Монгол” чуулга уулзалтын үеэр би
илтгэл тавихдаа тэдгээр тоо баримтуудаа эргээд харахад гайхалтай
санагдаж билээ. Учир нь, өнөөдрийн Монгол улсын хүрсэн түвшин бидний
2004 онд тооцоолсон “мөрөөдлийн хувилбар”-аас давчихсан байна. Ийм өргөн
боломж биднийг угтаж буйг тэр их хэл ам дагуулсан он жилүүдэд урьдчилан
харж байсан нь сайхан санагдаж билээ.
Тэгвэл одоо “Дисковер Монгол” чуулга уулзалтын ирээдүйг Та хэрхэн харж, төсөөлж байна вэ?Монгол
улс руу хөрөнгө оруулагчдыг татах учиртай брэнд нэр бодож олох чин
эрмэлзэл арван жилийн өмнө бидэнд байсан. Монгол улсыг дэлхий таньж
мэдээсэй гэдэг үүднээс чуулга уулзалтынхаа нэрийг Discover Mongolia
хэмээн өгч байлаа. Цаг хугацаа улирахын хэрээр хурлын маань нэр хөгжил
рүү хандсан агуулгатай болох учиртайг мэдэрдэг.
Чуулга уулзалтад
оролцогчид болон ивээн тэтгэгч компаниудаас хоёр ч удаа санал асуулга
авсан. Нэг хэсэг нь брэнд болсон нэрийг солиод хэрэггүй гэдэг. Нөгөө нь
өөрчлөх ёстой гэдэг. Жил ирэх тусам цар хүрээ нь нэмэгдэж байна.
Ирээдүйд зүүн хойд Азийн уул уурхайн гол цугларалт болох болов уу гэж
харж байгаа. “Дисковер Монгол” чуулга уулзалтын нэг хувилбарыг Лондонд
хийх санал мөн ирсэн. Тэгэхээр хилийн чанадад зохион байгуулах боломж
нээгдэж байна гэсэн үг. Энэ нь бидэнд их урам хайрлаж байгаа. “Дисковер
Монгол” чуулга уулзалт маань өнөөдөр гадаад, дотоодод хүлээн
зөвшөөрөгдөх өндөр түвшинд хүрсэнд их таатай байна.
Ярилцсан Э. Оджаргал