Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн ЭЗ-ийн хамгийн хүнд үе 2013 онд тохионо

2008 оны хямралаас дөнгөж “өндийж” байсан дэлхийн эдийн засаг шинэ эрсдэлүүдтэй дахин нүүр тулгарлаа. Энэ удаад тогтворгүй байдал ямар хугацаанд хэрхэн үргэлжлэх талаар шинжээчид олон талын таамаглал дэвшүүлж байна. Богино хугацааных гэж үзэж байгаа нэг хэсэг байхад зарим нь эдийн засгийн уналт буюу зогсонги байдал ойрын 10 жил үргэлжилнэ гэх.

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдлын үндэс суурь  нь Евро бүсийн орнуудын өрийн хямрал юм. Энэ бүсийн зарим орнуудын төсвийн алдагдал, хамтын мөнгөн тэмдэгт болох еврогийн хувь заяа, цаашлаад Европын холбоо оршин тогтнох эсэх асуудал нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж, дэлхийн эдийн засаг дахь томоохон асуудлын нэг хэвээр байна. Ирээдүйг өөдрөгөөр харах тодорхой шийдэл, төлөвлөгөө өнөөг хүртэл үгүй. Холбооны гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн зөрүү, ялгаатай байдал нь энэхүү бэрхшээл хүндрэлийн гол шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, санхүү эдийн засгийн бодлогын арга хэмжээгээ өөр хоорондоо сайн уялдуулж зохицуулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Өрийн хямралыг эхлүүлсэн Грекийн хувьд эдийн засгаа аврах төлөвлөгөө  нь донор орнуудад төдийлөн итгэл төрүүлэхгүй байгаа ч тус улсад хоёр дахь багц зээл болох 130 тэрбум еврог долдугаар сард багтаан олгохоор болсон. “Их хорь”-ийн орнуудын дээд хэмжээний чуулганаар ийм шийдвэрт хүрсэн нь Грекийн Сангийн шинэ сайд Яннис Стурнараст ихээхэн итгэл үзүүлж буй хэрэг юм. “Мистер евро” хэмээгддэг тэрээр Грекийг Европын холбооны гишүүн орон болоход гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Хэрэв Грекийн шинэ Засгийн газрын удирдлагууд төсвийн зарлагаа бууруулж чадахгүй бол Европын холбоо зээлийн тусламжаа зогсоож болох юм. Ингэвээс Грек еврогоос татгалзаж, өөрсдийн үндэсний валютаа гаргахад хүрнэ. Гэтэл Европын холбооны дээд хэмжээний уулзалтаас хэдхэн хоногийн өмнө “Moody’s” агентлаг Испанийн 26 банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан бол санхүүгийн тусламж авах шаардлагатай тав дахь орноор Кипр тодров.

Европын хөлбөмбөгийн аварга тодрох шийдвэрлэх тоглолтуудтай зэрэгцэн Евро бүсийн орнуудын тэргүүнүүд чуулсан билээ. Бараг 14 цаг тасралтгүй үргэлжилж үүрээр ажлаа өндөрлөсөн уг чуулганаар Евро бүсийн 27 орны удирдагчид 120 тэрбум евро бүхий хөрөнгийн сантай Европын нэгдсэн тусламжийн санг байгуулахаар тохиролцож чадсан юм. Ингэснээр банкууд тусламжийн сангаас хэрэгцээт хөрөнгөө татан төвлөрүүлэх боломжтой болж байгаа юм. Ямартай ч энэ удаагийн чуулганаар гаргасан төлөвлөгөө нь ойрын 10 жилийн хугацаанд Евро бүсийн эдийн засгийг “бүрэн эдгээж” чадна гэдэгт Европын удирдагчид итгэлтэй байна. Зах зээл ч Брюсселийн мэдээнд эерэг хандсан юм. Францын CAC 40 индекс 4,27 хувь, Германы DAX – 4,05 хувь, Британийн FTSE 100 индекс 1,97 хувь тус тус нэмэгдсэн бол Brent маркийн газрын тосны үнэ 95,48 ам.доллар болон өсөв. Харин олон улсын шинжээчид ирээдүй нь хэтэрхий “тодорхойгүй” хэмээн Евро бүсийн талаар ямар нэгэн таамаглал дэвшүүлэх гэж яарахгүй байна. 

Европын санхүүгийн хямрал БРИКС-ын орнуудад ихээхэн боломж олгож байгаа тухай “Financial Times” сонинд онцлон мэдээлжээ. Өрийн хямралд автаад буй Евро бүсийн орнуудад туслахад ОУВС-д шаардагдаж буй 600 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгийн 75 тэрбум еврог БРИКС дангаар бүрдүүлэн хандивлахаар болсон юм. Сангийн тэргүүн Кристин Лагард нэмэлт хөрөнгө босгох “эрэлд” гарахдаа хөгжингүй орнуудын удирдагчидтай биечлэн уулзсан нь ийнхүү үр дүнгээ өгсөн бололтой. Орос, Энэтхэг, Бразил тус бүр 10 тэрбум, Өмнөд Африк хоёр тэрбум, Хятад 43 тэрбум ам.долларыг тус тус хандивлах аж. Харин БРИКС-ийн орнууд ОУВС дахь өөрсдийн хувь үүргийг нэмэгдүүлэх гэсэн тодорхой болзол нь бодитоор хэрэгжих баталгаатай болсон үед мөнгөө шижлүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байна.

Гэхдээ дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдлаас хөгжингүй орнууд зөвхөн хожиж байгаа гэвэл бас үгүй юм. Хятадын эдийн засгийн өсөлтөд сүүлийн 13 жилийн хугацаан дахь хамгийн удаан үе тохиожээ. Тус улсад орж ирж буй хөрөнгө оруулалт 2,4 хувиар буурсан байна. Худалдааны хамгийн том түнш болох Европ тивийг хамарсан санхүүгийн хямрал нь Хятадын экспорт, хөрөнгө оруулалтын хурдац мэдэгдэхүйц буурахад нөлөөлсөн нь гарцаагүй. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар экспортоос 15,3 хувийн алдагдал амссан нь 18,1 тэрбум ам.долларын хохирол юм. Европ тивийн эрэлт буурснаас үүдэн тус улсын төсвийн орлого багасч, 2008 оноос хойш анх удаа зээлийн хүүгээ доош татсан байна. Хэрэв Хятадын Засгийн газраас авч буй эдийн засгийн өсөлтөө дэмжих арга хэмжээ үр дүнгээ өгч чадвал энэ сараас өсөлттэй үзүүлэлтийг харуулж эхлэх аж. Тус улсын хувьд бүх зүйл урьдчилсан төлөвлөгөөтэй, түүндээ уялдсан чанга хатуу төрийн бодлого баримталдаг учир аливаа эрсдэлийг нарийн тооцсон нь гарцаагүй. Тиймээс энэ удаа эдийн засгаас илүүтэй улс төр дэх өөрчлөлтөд гол анхаарлаа хандуулж байгаа болов уу. Учир нь ирэх аравдугаар сард Бүх Ардын Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурлаар шинэ үеийн удирдлагууд томилогдох учиртай.   

Олон улс дахь аливаа үйл явдлыг газрын тосны үнэ тун мэдрэмтгий хүлээн авдаг. Энэ удаад газрын тосны үнэ огцом хэлбэлзэлзэж, мэдэгдэхүйц буурахад нөлөөлж буй үйл явдал дэндүү олон. Өнгөрсөн хугацаанд газрын тосны үнэ нийтдээ 30 орчим хувиар буурч, 78,8 ам.доллар болсон нь сүүлийн 18 сарын туршид хамгийн доод цэгтээ хүрсэн  нь байлаа. Энэ нь АНУ-ын газрын тосны нөөц шинжээчдийн тооцоолж байснаас өндөр гарсантай холбоотой. Тус улсын газрын тосны нөөц 387.3 сая баррель байсан нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт дундаа дээрээсээ хоёрдугаарт орохуйц их хэмжээ аж.

Нөгөөтэйгүүр АНУ-ын Холбооны нөөцийн сан зургадугаар сард дуусгавар болох ёстой байсан “Твист” ажиллагааг энэ оныг дуустал үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь байдлыг улам хүндрүүлэв. “Твист” ажиллагааны нөлөөгөөр газрын тос болон түүхий эдийн ханш унах, евро улам сулрах магадлалтай. Хэдийгээр Европын холбооны удирдлагуудын дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэр хар алтны үнэд таатай нөлөөлсөн ч мэргэжилтнүүд ойрын ирээдүйд төдийлөн эерэг таамаглал дэвшүүлэхгүй байна. Дэлхийн газрын тосны нийт хэрэгцээний таван хувийг дангаар хангах Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн газрын тосны гадаад худалдаанд олон улс эдийн засгийн хориг тавиад буй. Тодруулбал, тус улсын газрын тосны 20 хувийг худалдан авдаг томоохон хэрэглэгч Евро бүсийн орнууд долдугаар сарын нэгнээс эхлэн экспортоо зогсоолоо.

Иран улс хоригийн хариуд Персийн булангийн газрын тосны үйлдвэрлэгч орнуудын тээвэрлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаана хэмээн сүрдүүлээд байгаа юм. Тегераны эсрэг авч буй хориг арга хэмжээ нь дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийг огцом өсгөж, 150 ам.долларт хүргэж болзошгүй гэсэн таамаглал бий. Харин Арабын орнууд дахь улс төрийн тайван бус байдал болон газрын тосны томоохон экспортлогч орнуудын олборлолт, үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь газрын тосны үнийг цаашид буурахад нөлөөлнө гэдэг нь хамгийн бодитой таамаглал байж болох юм. 

Түүхий газрын тос болоод түүний экспортын татвар нь Орос улсын төсвийг буурахын хэрээр манай хойд хөрш ч газрын тосны экспортын татвараа энэ сарын нэгнээс дахин бууруулахад хүрч байна. Энэ удаад тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болов.

Бензиний экспортын татвар мөн буурч, 332,4 ам.доллар болжээ. Тус улс нь хоёр сар дараалан экспортын татвараа ийнхүү бууруулж байгаа юм.буурахын хэрээр манай хойд хөрш ч газрын тосны экспортын татвараа энэ сарын нэгнээс дахин бууруулахад хүрч байна. Энэ удаад тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болов.

Бензиний экспортын татвар мөн буурч, 332,4 ам.доллар болжээ. Тус улс нь хоёр сар дараалан экспортын татвараа ийнхүү бууруулж байгаа юм.буурахын хэрээр манай хойд хөрш ч газрын тосны экспортын татвараа энэ сарын нэгнээс дахин бууруулахад хүрч байна. Энэ удаад тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болов.

Бензиний экспортын татвар мөн буурч, 332,4 ам.доллар болжээ. Тус улс нь хоёр сар дараалан экспортын татвараа ийнхүү бууруулж байгаа юм.
Учир нь 2011 оны аравдугаар сарын нэгнээс ОХУ-ын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ журам мөрдөгдөж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, газрын тосны экспортын татварыг дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн газрын тосны өнгөрсөн сарын дундаж үнээс 60 хувиар, бензиний татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварын 66 хувиар тооцох болжээ. 

Орос улс дэлхийн эдийн засгийн ээлжит хямралд бэлтгэж байгаа ч амжилттай болно гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын 2013-2015 оны төсөвт хямралын эсрэг арга хэмжээнд зориулах хангалттай хуримтлалыг суулгахыг үүрэгдсэн байгаа. Түүхий эдийн зах зээлээс хэт хамааралтай байдал болон газрын тос, байгалийн хийн хомсдол нь төсөвт ихээхэн хүнд тусч байгаа учир төсвийг эрчим хүчний түүхий эдийн үнийн эрс хэлбэлзэлээс хамгаалах хэрэгтэй  хэмээн тэрбээр үзэж байгаа юм. Тодруулбал сүүлийн таван жилийн хугацааны газрын тосны дундаж үнийг үндэслэн ирэх гурван жилийн төсөв, дараагийн шатанд  арван жилийн дундаж үнийг харгалзан таван жилийг төсвийг төлөвлөх гэсэн саналыг Сангийн сайд Антон Силуанов танилцуулаад буй. Хэрэв газрын тосны бодит үнэ дундаж үнээс доогуур байх тохиолдолд зөрүүг нөөцийн санд хуримтлуух гэнэ. Одоогийн мөрдөгдөж байгаа төсвийн хуулинд нэг баррель газрын тосны үнийг 115 ам.доллар гэж оруулсан байдаг байна. Ямартай ч Оросын Засгийн газар санхүүгийн ээлжит эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Ерөнхийлөгчийн туслах Эльвира Наибулинагийн мэдэгдснээр жилийн хоёр дахь хагаст санхүүгийн эрсдэлээс хамгаалахад зориулан 100-200 сая рублийг төсөвт оруулан нөөцөлжээ. Тус улсын эдийн засагт хамгийн хүнд үе тохиох учир энэ хуримтлал ч тун удахгүй хэргээ гаргана гэсэн таамаглалыг мэргэжилтнүүдийн зүгээс дэвшүүлээд байна.     

Орос улс нь 19 жилийн чамлалтгүй их хүчин чармайлт гаргасны эцэст  энэ сарын 10-нд ДХБ-ын бүрэн эрхт гишүүн болж байна.   

2010 онд Нью-Йоркийн их сургуулийн профессор, дэлхийн шилдэг шинжээчдийн нэг Нуриэль Рубини “Хоёр жилийн дараа гэхэд дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарна” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан хэлж байсан юм. Олон улсын эдийн засаг 2013 оныг дуустал хамгийн хүнд үеэ даван туулна хэмээн шинжээчид онцолж байна. Энэ хугацаанд Арабын орнуудад цэрэг дайны мөргөлдөөн болж, Евро бүс задрах магадлал тун өндөр байгаа гэх. Дэлхийн эдийн засаг 2008 оны хямралаас гарахад Хятад улс гол “зүтгүүр”-ийн үүрэг гүйцэтгэсэн бол энэ удаад БРИКС-ийн орнууд “аврах баг” байх бололтой.

Э.Оджаргал