ОХУ-ын Омск хотноо Төмөр замын тээврийн тарифын талаар төрөөс баримтлах бодлогын тухай хурал зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцож байгаа юм. Тэрбээр 2013 онд төмөр замын ачаа тээврийн тарифыг долоон хувиар нэмэгдүүлэхээр болсон тухай хуралдааны үеэр мэдэгдэв.
Эдийн засгийн хөгжлийн яам өмнө нь дээрх үнийг 5.5 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байжээ. Төмөр замын ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлснээр Оросын төмөр зам /ОТЗ/ НХН-ийн алдагдлыг багасгах боломжтой хэмээн үзжээ. Учир нь Гаалийн холбооны хүрээнд тогтоосон нэгдсэн тарифын улмаас ОТЗ нь ойролцоогоор долоон тэрбум рублийн алдагдал хүлээхээр байгаа юм. Өнгөрсөн жил тус улсын эдийн засагт инфляци 6.1 хувьтай байсныг үндэслэн төмөр замын тээврийн тарифыг зургаан хувиар нэмэгдүүлсэн юм. Орос улс нь төмөр замын тээврийнхээ тарифыг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож тогтоодог.
Монголын хувьд шинээр байгуулах төмөр замын шугам болоод уул уурхайн салбарт хамтарч ажиллах ирээдүйн ашиг сонирхлынхоо үүднээс ОХУ нь төмөр замын транзит тээвэрлэлтийн тарифтаа хөнгөлөлт үзүүлдэг. Ирэх жил ОХУ нь Монголоос авах транзит тээврийнхээ үнийг нэмэгдүүлэх эсэхийг есдүгээр сард Улаанбаатарт нээгдэх Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурлын үеэр хоёр тал ярилцаж болзошгүй.
Э. Оджаргалwww.mongolianminingjournal.comwww.journalism.mn