Дэлхийн газрын тосны томоохон компани болох Royal Dutch Shell нь Европын банкуудаас хөрөнгөө татаж эхлэв.
“Бид
евро бүсийн өрийн хямралын эрсдэлийг давахад бэлэн биш байна” хэмээн
тус компанийн санхүүгийн захирал Саймон Хенри мэдэгджээ. Royal Dutch
Shell нь евро бүсийн салбар компаниудын үйл ажиллагаанд нэн шаардлагатай
хөрөнгийг л зөвхөн банкинд байршуулах аж. Тус компанийн Европын
банкуудаас татах хөрөнгийн нийт хэмжээ ойролцоогоор 15 тэрбум ам.доллар
байх бөгөөд Америк дахь компанийн нэрийн дансанд шилжүүлэх, аль эсвэл
АНУ-ын Сангийн яамны облигацид оруулахаар төлөвлөжээ.
Дэлхийн
газрын тосны томоохон компани ийнхүү хөрөнгөө Европын банкуудаас татах
болсон нь евро бүсийн эдийн засгийн өнөөгийн байдалд мэдэгдэхүйц хүндээр
тусна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь нэр хүндтэй компанийн ийм
үйлдлийг бусад жижиг компаниуд дагаж болзошгүй юм. Ингэсэн тохиолдолд
банкууд эргэлтийн ихээхэн хэмжээний хөрөнгөө алдаж, үүний улмаас зээлийн
хүүгээ нэмэхэд хүрнэ.
Өрийн хямрал улам гүнзгийрснээс болж евро
бүсийн эдийн засаг цаашид улам уналтанд орно гэж Хятадын төв банкнаас
анхааруулсан байна. Дэлхийн 2008 оны эдийн засгийн хямралыг урьдчилан
хэлсэн Америкийн эдийн засагч Нуриэль Рубини Европын холбоо хагас жилээс
илүүгүй тэсч чадахгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Түүний үзэж
буйгаар “Португали, Кипргүйгээр евро бүс оршин тогтнож болох ч Испани,
Италигүйгээр төсөөлөх боломжгүй юм. Мэдээж гол цөм нь Герман боловч
Европын холбоо задрах магадлал 50 хувьтай байна” гэжээ.
Э.Жаргал