Хятадын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн долдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх зургадугаар сартай харьцуулахад 39.5 хувиар буурсан тухай өчигдөр мэдээлжээ. Өнгөрсөн долдугаар сард Хятад улс нийтдээ 3.93 сая тонн коксжих нүүрс импортолсны 1.66 сая тонн буюу 42 хувийг Монгол улс нийлүүлжээ. Монголын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар өссөн боловч, өмнөх зургадугаар сард Хятад улс Монголоос 2.52 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Харин Австралийн тухайд өнгөрсөн долдугаар сард 0.68 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон бөгөөд Хятад руу чиглэсэн экспортын хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхээс 36 хувиар буурчээ. Австралийн араас Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээгээрээ Канад 612 мянган тонн, Индонез 414 мянган тонн, Орос 409 мянган тонны үзүүлэлтээр бичигджээ. Цаашдаа Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээгээрээ Мозамбик, Шинэ Зеланд, Иран, Колумб зэрэг улс орон дээгүүр жагсаж магадгүй байгаа бөгөөд эдгээр улсын нийлүүлэлтийн хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Б.Төгс