Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Мартин Фергусон тус улсын уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлтийн үе
өндөрлөх аястай болж ирсэн тухай мэдэгджээ. Тэрбээр уул уурхайн магнат
BHP Billiton тус улс дахь Olympic Dam зэс, ураны томоохон төслөө
өргөтгөх шийдвэрээ цуцалсныг мэдэгдэлдээ онцолсон байна. Olympic Dam бол
Австралийн зэсийн гол уурхайнуудын нэг бөгөөд BHP урт хугацаанд
мэрийсний эцэст өргөтгөлийн ажлын зөвшөөрлийг Засгийн газраас аваад
байсан юм.
BHP уг төслийг өргөжүүлэх ажилд 30 тэрбум ам.долларын
төсвийг батлаад байсан ч дэлхийн эрдсийн зах зээлийн таагүй нөхцөл
байдлын улмаас шийдвэрээ цуцалснаа өнгөрсөн лхагва гаригт зарлажээ. BHP
Billiton-ы Гүйцэтгэх захирал Мариус Клоппер “Эрдсийн үнэ унаж, тоног
төхөөрөмжийн зардал нэмэгдэж буй учраас ийм шийдвэр гаргалаа” гэж уг
алхмаа тайлбарлажээ.
Сүүлийн нэг жилийн байдлаар Австралийн уул
уурхайн салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ ч мэдэгдэхүйц буурсныг
сайд Фергусон мөн мэдэгджээ.
Б.Төгс