Уул уурхайн сайд Д.Ганхуягаас MMJ доорх асуултад хариулт авсан юм.
Сайд аа, ажлаа юунаас эхлэх вэ?
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хүчинтэй хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна вэ гэдгээс ажлаа эхэлнэ. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Энэ тал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч ажиллана. Мөн Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг нэн тэргүүнд хийнэ. Иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулах тал дээр анхаарч ажиллана. Ер нь уул уурхайн салбарт миний хувьд нэгдүгээрт хүний эрүүл мэнд, хоёрдугаарт байгаль орчны нөхөн сэргээлт, гуравдугаарт ашиг орлого гэсэн дэс дарааллыг баримтална. Хуулиа дээдэлж, хөрөнгө оруулалтыг дэмжинэ, тэр тусмаа дотоодын хөрөнгө оруулагчдаа илүү дэмжих болноо.
“Оюутолгой”-н гэрээг өөрчлөх саналыг олон гишүүд тавилаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
Төр засаг нь Монгол улсын хэмжээнд хүчинтэй хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын 57 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр УИХ, Засгийн газартайгаа хамтарч ажиллана. Ер нь гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Уул уурхайн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх шаардлага бий.
Монгол улс нэмүү өртөг шингэсэн боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг барина гэж төлөвлөж байгаа ч үйлдвэртэй болохоосоо өмнө түүхий эдийг нь зөөгөөд дууслаа гэсэн болгоомжлол бий. Тухайлбал, төмрийн хүдрийг гадагш нь замбараагүй зөөж байна.Үүнийг хэрхэн зогсоох вэ?
Өвөг дээдсээс үлдээсэн ашигт малтмалыг хамгийн үр дүнтэй ашиглах бодлогыг өнөөгийн улстөрчид, УИХ, Засгийн газрын гишүүд баримтлах ёстой. Жишээлбэл, төмрийн хүдрийг боловсруулж ашигласнаар нэмүү өртөг нь 2-3 дахин нэмэгдэх боломж байгаа. Тийм учраас боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих нь гарцаагүй.
Төр зах зээлийн эдийн засгийг зохицуулах үүрэгтэй гэж Үндсэн хуульд заасан. Гэвч хувийн компанийн экспортолж буй бүтээгдэхүүнийг шууд зогсоох зохицуулалт, эрх одоохондоо Төрд байхгүй.