Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Эрдсийн зах зээлийн уналт айсуй

Эрдсийн зах зээлийн уналт айсуй  

Эрдсийн түүхий эдийн үнэ оны эхний хагасын байдлаар 10-30 хувиар уначихаад байна. Түүхий эдийн зах зээл уналтад орох талаар тоймчид тэмдэглэхээ азнасхийж байгаа ч зах зээлийн бодит байдал хямралын урьдач нөхцөл бүрдчихсэн байж болохыг бирж, боомтын үнийн өөрчлөлт анхааруулж эхэллээ. Эрдсийн үнэ наймдугаар сарын дунд үеийн байдлаар оны эхэн үетэй харьцуулахад, нүүрсний үнэ 240-175 ам.доллар/тонн, төмрийн хүдэр 140-100 ам.доллар/тонн, зэс 8400-7500 ам.доллар/тонн, алт 1740-1640 ам.доллар/унц болж буурсан дүнгээс эрдсийн зах зээл уналтад орох хандлагатай болсныг харж болно. Оны эхэн үеэр зэсийн үнэ савламагц хүрэн металын уналт айсуй гэж олон улсын зарим тоймч таамаглаж байсан. Гэвч төмрийн хүдэр, коксжих нүүрсний хувьд зэсийг бодвол илүү доошилсон үнийн үзүүлэлттэйн зэрэгцээ илүү огцом унасан дүнтэй байна. Эдгээр гурван бүтээгдэхүүн нь Монголын эдийн засагт голлох чухал үүрэгтэй төдийгүй оны эхний долоон сарын байдлаар эдгээр эрдэс нийлээд улсын нийт экспортын 76.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Цаашид байдал энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн эрдсийн зах зээлийн энэхүү таагүй байдал Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлөх нь гарцаагүй юм. Монголын нүүрсний экспортын гол сувгуудын нэг болох Сэхээ боомт дээр коксжих нүүрсний үнэ энэ онд 600 юань/тонн байсан энэ сард 550 юань/тонн болж анх удаагаа буурлаа.

Оны сүүл хагаст дэлхийн эрдсийн зах зээл сэргэх үү, эсвэл буурсаар байх уу?

Хятадын Төв банк аж үйлдвэрлэлийн эрчмийг сайжруулахаар он гарсаар хоёр ч удаа бодлогын хүүгээ бууруулсан ч тус улсын эдийн засгийн нөхцөл байдал одоогоор сайнгүй байна. Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт дотоодынх  нь бус, харин Европ, АНУ-ын эдийн засгийн өсөлтөд түшиглэсэн нь энэ цаг үед улам бүр мэдрэгдэж байна. Хятадын бодлого одоо дотоодын эрэлтэд түшиглэх хандлагатай болж буй ч энэхүү шилжилтийг тус улс тийм ч хурдан хугацаанд хийх боломжгүй юм.  Бразилийн төмрийн хүдрийн магнат “Вале”-гийн хөрөнгө оруулалтын харилцааны хэлтсийн захирал Бранко “Бид Хятадын эдийн засаг жил бүр 10-12 хувиар өснө гэж харахгүй байна. Хятадын “алтан үе”-д төгсгөл ирж байна” гэж саяхан “Блүмбэрг”-т ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тиймээс эрдсийн түүхий эдийн зах зээлийн байдал болон Хятадын аж үйлдвэрийн салбар сэргэх эсэх нь Европ, АНУ-ын эдийн засаг яаж эргэхээс хамаарах нь тодорхой болоод байна. Зэсийн үнэ наймдугаар сарын 20-ноос эхлэн бага зэрэг өсч, 7610 ам.доллар/тонн болсон. Энэ нь Европын Төв банк Евро бүсийн өрийн хямралыг шийдвэрлэх стратеги хэрэгжүүлэх мэдээлэл цацагдсантай холбоотой ажээ. Гэвч Хятадын нөхцөл байдал сайжраагүй цагт зэсийн үнэ нэмж өсөх боломжгүйг шинжээчид онцолж байна. Хятад нь дэлхийн зэс, төмрийн хүдрийн зах зээлийн эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг улс. Коксжих нүүрсний хэрэглээгээрээ Японы дараа хоёрдугаарт бичигддэг бөгөөд жилдээ 50 гаруй сая тонн коксжих нүүрс импортолдог. Гэвч тус улсын аж үйлдвэрлэлийн өсөлт улам буурсаар байгаа юм.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹008  дугаараас уншина уу.