УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болсон билээ. Нэгдүгээр үе шат нь Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км, хоёрдугаарт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт гэсэн нийт 900 км, гуравдугаар үе шатанд Даланзадгадаас баруун хязгаарт нийт 3600 гаруй км төмөр зам барихаар тогтоолд тусгасан.
Дээрх хоёр төслийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлын хэсэгт Төмөр замын газар, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Сангийн яам, ЗТБХБЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Ашигт малтмалын газар, Уул уурхайн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.
“Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан ТЭЗҮ-г ойролцоогоор зургаан сарын дараа бэлэн болгох аж. Энэхүү төмөр замтай БНХАУ-ын талаас нийлэх зам нь тавигдаад Монголын хилээс 60-аад км зайд хүрч ирээд байгаа.“Баруун босоо тэнхлэг”-ийн шинээр барих төмөр замын ТЭЗҮ хоёр жилийн дараа бэлэн болох юм байна. Төслүүдийн ТЭЗҮ бэлэн болсон тохиолдолд олон улсын нээлттэй тендер зарлаж, хэрэгжүүлэгчдийг сонгох гэнэ.