Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Чалко” Овооттолгойг орхилоо

Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Өмнөговьд нүүрсний томоохон төслүүд эзэмшдэг “Саутгоби Ресорсез” компанийг эзэмших төлөвлөгөөгөө орхисныг Turquoise Hill Resources компани өнөөдөр мэдэгдлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгэнд хийсэн гэрээ ёсоор “Айвенхоу Майнз” буюу Turquoise Hill Resources компаниас Хятадын “Чалко” компани “Саутгоби Ресорсез”-д эзэмшдэг хувийг нь 900 гаруй сая ам.доллараар худалдаж авахаар тогтоод байсан юм. Гэрээ ёсоор хоёр тал худалдааны хэлцлийг өнгөрсөн долдугаар сарын 5 гэхэд эцэслэн дуусгах ёстой байв. Харин Монголын төр уг худалдааны хэлцэлтэй холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард Стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хуулийг баталсан юм. Энэ дагуу гадаадын компани, хөрөнгө оруулагч Монголын стратегийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын хяналтын багцыг эзэмших тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл авах зохицуулалтыг хийж өгсөн.

Гэсэн ч “Чалко” уг хууль гарснаас хойш нэлээд хугацааны дараа буюу зургадугаар сарын сүүлээр “Саутгоби Ресорсез”-ийг худалдаж авах 900 гаруй сая ам.долларын төсвийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн баталсан билээ. Үүнээс гадна худалдааны хэлцлийг эцэслэх хугацааг есдүгээр сарын 4 хүртэл хойшлуулан сунгаад байсан юм. Хэдийгээр “Саутгоби Ресорсез”-ийн Ерөнхийлөгч Александр Молиней “Чалко”-той хийсэн худалдааны хэлцэл цуцлагдсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн ч шийдвэрлэх дүгнэлт хараахан гараагүй байсан билээ. Харин өнөөдөр уг худалдааны хэлцэл цуцлагдсаныг Turquoise Hill Resources буюу “Саутгоби Ресорсез”-ийн 56 хувийг эзэмшигч гол компани албан ёсоор мэдэгдлээ.

Одоогийн байдлаар “Саутгоби Ресорсез”-ийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 5.57 хувиар буурч 20.35 хонконг доллар болжээ. Энэ нь тус компанийн хувьцааны хамгийн доод ханш болж байна.

Сүүлийн саруудад нүүрсний үнэ дэлхийн зах зээлд эрс буурч буй нь “Чалко”-г саналаасаа татгалзахад нөлөөлсөн байж болох юм. Нөгөөтэйгүүр, Монголын төрийн баталсан шинэ хуулийн зохицуулалт “Чалко”-д том хаалт болсон тухай хэвлэлүүдэд онцолжээ.

Б.Төгс