Хятад улс 2013 оны эхээр өөрийн улсад мөрдөж буй коксын экспортын 40 хувийн татварыг цуцалж магадгүй байна. Учир нь сүүлийн саруудад тус улсын коксын зах зээлд эрэлтийн хэмжээ нийлүүлэлтээсээ хавьгүй бага түвшинд байгаа нь салбарын компаниудыг алдагдалд оруулаад буй ажээ. Хэрвээ коксын экспортын татварыг цуцалвал уг эрдсийн бүтээгдэхүүний томоохон худалдан авагчид болох Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улс орнууд Хятадаас ган үйлдвэрлэлд хамгийн чухал үүрэгтэй уг түүхий эдийг илүүтэй худалдан авах нөхцөл бүрдэх юм. Мөн үүний үр дүнд Австрали улс Азийн зах зээлд эзлэх байр сууриа хэвээр хадгалан үлдэхийн тулд коксжих нүүрснийхээ үнийг буулгах ёстой болох юм.
Одоогийн байдлаар Австрали болон бусад улс орноос нийлүүлж буй өрсөлдөхүйц үнэ бүхий коксжих нүүрсний худалдаа нь Хятадын зах зээлд үлэмж хэмжээний дарамт авчирч байна. Нөгөөтэйгүүр хэрэв Хятадын гангийн үйлдвэрлэлд үсрэнгүй өсөлт гарахгүй бол тус улсын коксжих нүүрсний зах зээлд үүсээд буй нийлүүлэлтийн илүүдэлтэй байдал ч арилахааргүй байна. Ойрын хугацаанд Хятадад өсөлт төдийлөн гарахгүй байх магадлалтай байгаагийн зэрэгцээ гангийн салбарт эрэлт нийлүүлэлтийн харьцаа хол зөрж, гангийн үнэ урьд байгаагүйгээр хамгийн доод үнэдээ хүрчихээд байгаа юм. Хятад улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 690 мянган тонн кокс болон хагас кокс экспортолсон дүн мэдээ гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 73.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Гэхдээ Хятад коксын татвараа энэ оны сүүлээр цуцалж магадгүй гэсэн таамгийг олон улсын хэвлэлүүд дэвшүүлээд байна. Учир нь тус улс эрдсийн чухал түүхий эдүүддээ экспортын өндөр татвар тогтоосон нь Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) дүрмийг ноцтой зөрчиж буй талаар АНУ, Европын Холбоо, Япон зэрэг томоохон улс гүрнүүд гомдол мэдүүлээд байсан юм. Энэ дагуу ДХБ Хятад улсад энэ оны сүүл гэхэд тус байгууллагын дүрмийг хэрэгжүүлэх эцсийн хугацаа өгчээ.
Б.Төгсwww.mongolianminingjournal.comwww.journalism.mn