Жилийн
жилд олон төрлийн хурал чуулган ихээхэн зохиогдох боллоо. Ялангуяа уул
уурхайд хамааралтай сэдвээр семинардах нь бүүр моодонд орсон. Уул
уурхайн хөрөнгө оруулалтаас эхлээд техник технологи, аюулгүй байдал, ус,
амьтан гээд энэ салбарт хамаатуулахгүй зүйл үгүй. Сүржин нэртэй
хуралдахаас өөр ид шидгүй төсөл хөтөлбөрүүд ч мөн ихэссэн. Үнэтэй машин
хөлөглөж, ганган оффисд суудаг дэгжин хүмүүс “төслийн дарга” нэртэй.
Үнэнийг хэлэхэд тэдний аялсан орны тоо өсч, амьдардаг байрны өрөө
нэмэгдсэн ч утаа багассангүй, ус ундарсангүй, цөлд ширхэг өвс
ургасангүй.
Манай улсын хурал нь ихдээд, ажил нь багадаад байх
шиг. Жишээ татахад “Монголын эдийн засгийн чуулган” гэж нүсэр том хурал
сүүлийн 3 жил дараалан зохион байгуулагдлаа. Уул уурхай, байгаль орчин,
эрүүл мэнд, урлаг соёл гээд бүх салбарыг чуулганаар хэлэлцдэг. Ялангуяа
уул уурхайг онцлон ярилцдаг. Гэвч энэ чуулганаас үр дүн гарахгүй байна
гэдгийг өнгөрсөн хоёрдугаар сард болсон отгон чуулганы хаалтын үеэр
Ерөнхийлөгч хүртэл сануулаад авсан. Тэр даруйд бүгд л чухам ойлгосон
царай гаргаж маргаашнаас эхлээд үзүүлээд өгнө гэсэнсэн. Гэтэл өнөөдөр
хурлын тэмдэглэл, зөвлөмжийн номыг твитерээр цацахаас өөр гавьтай ажил
хийгдсэнгүй. Энэ жилийн эдийн засгийн чуулганы үеэр Ч.Сайханбилэг
гишүүний хэлсэн “Эдийн засгийг солонгоруулах” хэмээх өгүүлбэр ухаантайд
тооцогдож, амны уншлага болохоо шахсан.
Дан ганц уул уурхайгаас
хараат байхаар эдийн засгаа “солонгоруулаад” олон салбарыг дэмжье,
хөгжүүлье гээд л уран сайхан илтгэлүүд хөвөрч байсан. Чуулганаас хойш
хагас жил өнгөрлөө. Эдийн засгийн төрөлжилт, солонгоролт сураггүй л
байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар манай улсын нийт экспортын 91.1
хувийг нүүрс, зэс, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть гэх мэт уул
уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Нийт экспортын бараг тал буюу 47.6 хувь нь
чулуун нүүрс байна. Манай нүүрсний гол хэрэглэгч гангийн үйлдвэрүүд
хямарч ойрын хугацаанд сэргэхгүй гэдэг нь тодорхой боллоо. Одоо л өнөөх
“солонгорсон” эдийн засаг үгүйлэгдэж эхэлээ.
Эдийн засгийн
чуулганыг сонгуулийн сурталчилгаа боллоо гэж хардах хүмүүс цөөнгүй
байсан. МАН-ын даргын зургаар хавтсаа чимсэн сэтгүүл оролцогчдын цүнхэнд
дайгдаж, сайдууд ажлаа тайлагнасан илтгэлүүд тавьсан учраас тийм
ойлголт төрөх нь аргагүй. Гэвч намын PR хийлээ гээд олон эдийн засагч,
судлаачийн үнэтэй саналуудыг хөсөр орхиж болохгүй. Чуулганд маш олон
санаа, шинэ боломжуудыг санал болгосон. Эдгээр санал, хэлэлцүүлэг дээр
үндэслэн Монгол улсын эдийн засгийн давуу болон сул тал, боломж эрсдлийг
бид багцлан хүргэж байсан билээ.
Давуу тал
• Чөлөөт эдийн засагтай.
• Дэлхийд томд тооцогдох “Оюутолгой”-н үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа.
• Алт, зэс, нүүрс, газрын тос, занар, төмрийн хүдэр, уран, фосфор гэх мэт газрын доорх ашигт малтмалаар баян.
• Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй.
Сул тал
• Хууль гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг огт хийдэггүй.
• Өрсөлдөх чадвар тун сул. Азийн 15 оронтой өрсөлдөх чадвараар харьцуулахад хамгийн сүүлийн байрт орсон.
• Эдийн засгийн олон тулгуурт хөгжил байхгүй. Зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай.
• Санхүүгийн зах зээлийн бүтэц нь банк давамгайлсан, хэт нэг талыг барьсан бүтэцтэй
• Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй.
• Орлого нэмэгдэхийн хэрээр төсвөө тэлдэг зуршилтай.
• Төрийн өмчит компаниудын засаглал муу. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийн хурдыг гүйцэхгүй байгаа.
• Компаниудын мэдээлэл ил тод биш.
• Улс төрчид сонгуульд өрсөлдөхдөө бэлэн мөнгө амладаг. Төрөөс иргэдэд бэлэн мөнгө тараадаг.
• Хилийн боомтууд нь чадавх муутай.
• Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил сул.
• Төсөв зохиоход иргэд оролцох боломж байхгүй
• Төсвийн ил тод байдал төдийлөн сайн биш. Төсвийг үргэлж тодотгож байдаг.
• Монгол орны байгалийн баялаг ихтэй өмнөд говийн бүс нутаг экологийн нэн эмзэг бүтэцтэй.
• Монгол улс нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хий ялгаруулалтаараа дэлхийн дунджаас хэд дахин их байдаг, цэвэр технологи байхгүй.
Боломж
•
Уул уурхай хөгжиж байгаатай холбоотой эдийн засгийн өсөлт бий болж
байна. Өнгөрсөн онд эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй гарсан. “Оюутолгой”
ашиглалтад орвол ирэх жил эдийн засгийн өсөлт 22.9 хувьд хүрэх
боломжтой.
• Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглаж, эрчим хүч
экспортлох боломжтой. Эрчим хүчний салбараа хөгжүүлбэл Монгол улс эрчим
хүчний диваажин л гэсэн үг.
• Нүүрсний нөөц ихтэй учир түүнийг шингэрүүлж, хий болгох гэх мэт олон аргаар бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой
• Олон улсын хөрөнгийн зах зээл дээр авхаалжтай оролцож чадвал мөнгө босгох боломж нээлттэй
• Уул уурхайг дагаж шинэ технологи нэвтрэх боломжтой. Түүнийг нутагшуулах хэрэгтэй
Эрсдэл
• Өрсөлдөх чадвар сул байна гэдэг өөрөө хамгийн том эрсдэл
•
Зөвхөн уул уурхайд түшиглэсэн ганц тулгуурт эдийн засагтай байснаар
дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унахад дагаад унах эрсдэл
дагуулж байна
• Санхүүгийн зах зээлд зөвхөн банк давамгайлсан нөхцөлд ганц банк дампуурахад Монголын эдийн засаг савлахад хүрдэг
• Төсвийн ил тод байдал хангалтгүйн улмаас үл ойлголцол үүсч, улмаар бизнесийн эрсдэлийг бий болгоно
•
Улсын эдийн засгийг авч явдаг хувийн хэвшлийнхний хурдыг төр гүйцэхгүй
байгаа нөхцөлд бизнес удааширч, тэр хэрээр төсөвт төвлөрөх мөнгө саатна
• Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшил чирэгддэг, улмаар хувийн хэвшлийн чадамж буурах эрсдэлтэй
•
Эмзэг эко системтэй, усны судлагдсан нөөц байхгүй учир нэг өдөр ус
гэнэт шавхагдвал асар их хөрөнгөөр боссон үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй.
Эдгээр
санал, зөвлөмжүүдээс өнөөдөр хэрэгжсэн ажил тун ховор байна. Эдийн
засгийн чуулганаас гадна Байгаль орчны ажилтнуудын, Жижиг дунд
үйлдвэрлэгчдийн, Усаа хайрлаж хамгаалах гээд улсын төсвөөр олон хурал,
чуулган зохион байгуулагдсан. Эдгээрээс дорвитой үр дүн өнөөдрийг хүртэл
гараагүй л байна. Засгийн эрхийг барих нам солоигдлоо гээд өмнөх
ажлуудыг үгүйсгэж, зогсоогоод байвал бид хөгжихгүй.
Энэ жилийн
өвөл хүнд болно гэдгийг дэлхийн судлаачдаас хэлээд дэргэдэх буурлууд ч
сануулж байна. Хямралтай жил, хүйтэн өвөл биднийг сорих нь. Яам
агентлагуудыг даруйхан цэгцэлж, хурлаа багасгаж, ханцуйгаа шамлах цаг
иржээ.
О.Хосцэцэг