Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ эрчимтэй өсч байна

Зэсийн үнэ сүүлийн саруудад 7500 ам.доллар/тонн-д хүрч буугаад байсан билээ. Харин өнгөрсөн баасан гаригийн байдлаар нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 7800 ам.доллар/тонн болж өсөөд байсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэ байв. Өнөөдөр зэсийн үнэ бирж дээр үргэлжлэн өсч 8031 ам.доллар/тонн болоод байгаа нь Хятадын Засгийн газрын эдийн засгийг дэмжих төсөв баталсантай холбоотой ажээ.

Хятад улс дэд бүтцийн 60 төсөлд нийтдээ 157 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр шийдвэрлэснээ өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Дэд бүтцийн хөтөлбөрт хурдны зам, боомт, төмөр замын төслүүд багтжээ. Дэд бүтцийн эдгээр төсөлд баталсан санхүүжилт нь тус улсын эдийн засгийн 2.1 хувьтай тэнцэж байгаа юм. Хятад улс дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй нийт зэсийн 40 хувийг дангаараа хэрэглэдэг орон юм.

Эрдсийн зах зээлийн хөрөнгө оруулагчид одоо АНУ, Европын төр засгийн хийх алхмыг сайтар ажиглаж буйг шинжээчид тэмдэглэж байна. АНУ-ын Холбооны нөөцийн хоёр өдөр үргэлжлэх хурал маргааш эхлэх гэж буй ажээ. Энэ хурлаар Холбооны нөөц тус улсын эдийн засгийг сайжруулах хүрээнд Төв банк мөнгөний ямар бодлого хэрэгжүүлэх талаар ярилцах юм байна.

Харин Европын холбооны эдийн засгийн тухайд мөн л маш чухал өдөр маргааш болох гэж байна. Учир нь Европын Тогтворжуулалтын Механизм (ESM)-ыг маргааш Германы шүүх үндсэн хуультай нь нийцэж буй эсэхийг шүүх ажээ. Хэрэв Европын холбоо улс орнуудын Засгийн газрын бондыг хязгаарлалтгүйгээр худалдаж авахад Германы зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай ажээ. ESM нь Европын тогтворжуулалтын сангаас ялгаатай тал нь гэвэл ESM-ын олгосон зээл нь ESM-ын гишүүн орнуудын Засгийн газрын өрийн хэмжээнд нөлөөлөхгүй ажээ.
 
Гэхдээ эдгээр гурван томоохон эдийн засгийн гүрнүүдийн байдал сайнгүй байгаа юм. Хятадын тухайд өнгөрсөн наймдугаар сарын дүнгээр импорт урд оны мөн үеийнхээс 2.6 хувиар буурчээ. Хэдийгээр АНУ-ын ажилгүйдлийн үзүүлэлт 0.2 хувиар буурч 8.1 хувь болоод буй ч тус улсын ажлын байрны нэмэгдсэн үзүүлэлт өнгөрсөн сард 96 мянга гарсан нь шинжээчдийн тооцоолж байсан 125 мянгаас хавьгүй доогуур байгаа юм. АНУ-ын ажлын байрны нэмэгдсэн үзүүлэлт өмнөх долдугаар сард 141 мянга гарсан байна.

Б.Төгс