Mongolian Mining Journal-д өгсөн юм.
Юуны өмнө уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ашигт малтмалын газрын дарга Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа. Ажлууд төлөвлөсөн ёсоор явж байна уу? Энэхүү ойгоор ямар үр дүнг хүлээж байна вэ?
Баярлалаа. Энэ жил Монгол улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Салбарын хамт олон 90 жилийнхээ ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Бүгд амжилттай хэрэгжээд явж байна. Он гарснаас хойш хэд хэдэн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа. Энэ наймдугаар сард уламжлалт “Discover Mongolia-2012” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Мөн энэ ондоо багтааж “Metals Mongolia 2012” болон өөр хэдэн уулзалт семинар, чуулга уулзалтуудыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө намайг ирэхээс өмнө, бараг жилийн өмнө гарчихсан байсан. Төлөвлөсөн ажлуудыг агуулга, зорилгоос нь харахад үнэхээр ач холбогдолтой, чухал асуудлуудыг хөндсөн төдийгүй зохион байгуулж байгаа арга хэлбэр нь ч ажил хэрэгч шийдлээр төлөвлөгдсөн нь анзаарагддаг. Төлөвлөсөн арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдаж байгаа нь бидний оролцоо гэхээсээ илүүтэй уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй оролцоо, санаачилга, дэмжлэгийн хүч юм шүү.
90 жил гэдэг бага хугацаа биш. Энэ салбарын хамт олон баялаг түүхтэй, ололт амжилт, хуримтлуулсан туршлагаа ярих юм бол “хийсэн ч ажилтай, хэлэх ч үгтэй” хүмүүс. Ой угтан хийгдэж байгаа ажлууд бүхэлдээ салбарын түүхэн замнал, өнөө болон ирээдүйн хөгжлийн талаар эрдэмтэн, мэргэжилтнүүд, ажиллагсад маань санал бодлоо солилцох, мэдлэг, ур чадвар, туршлагаа хуваалцах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлахад чиглэгдэж байна.
Ойн арга хэмжээнд оролцсон бүхэн ирсэн зорилгоо биелүүлээсэй. Эцсийн дүндээ энэ олон арга хэмжээнүүд шинэ технологи, сайн менежмент, илүү их хөрөнгө оруулалтын гарцуудыг зааж өгч, уул уурхайн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа. Үүний зэрэгцээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн компаниудад нийгмийн хариуцлага, сайн засаглалыг төлөвшүүлэхэд ч тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгнө гэж найдаж байна.
Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2012” чуулга уулзалт болох гэж байна. 10 жилийн ойгоо тэмдэглэх томоохон чуулга уулзалтаас Монголын уул уурхайн салбарт ирэх ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, уул уурхайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Discover Mongolia” чуулга уулзалтын хувь нэмэр их байсан. Цаашдаа ч олон жил Монголын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр тулгамдсан, шийдэл хайсан асуудлууд өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнө ашигт малтмалын хайгуул, олборлолтод хөрөнгө оруулалт татах тухай голлон ярьж байсан бол өнөөдөр ашигт малтмалыг олборлоод түүхийгээр нь экспортлох биш, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уул уурхайн аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой дэд бүтцийг бий болгох, түүнд хөрөнгө оруулалт татах тухай ярих шаардлагатай болж байна. Зөвхөн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж хязгаарлахгүйгээр тухайлбал, байгаль орчны нөхөн сэргээлтийн стандарт, арга, сайн туршлага бидэнд бас хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ уул уурхайн хөгжил дагасан төлөвлөлт, хүрээлэн буй орчин, хүн ам, нийгмийн асуудлуудыг ч бас хөндөж ярих шаардлага гарч байна. Энэ бүхний шийдлийг олоход “Discover Mongolia” болон цаашид зохиогдох чуулга уулзалтууд бодит хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.
Тагнуулын байгууллагад олон жил ажилласан хүн АМГ-ыг удирдахаар болоход тухайн үед салбарыхан гайхан хүлээж авсан. Та өөрөө энэ томилгоог хэрхэн харж ойлгож байв?
Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байх.
Энд миний хэлэх зүйл гэвэл, юуны өмнө АМГ бол төрийн захиргааны байгууллага. Ямар асуудал эрхлэхээсээ үл хамаараад хууль хэрэгжүүлэх, хуулиар оногдуулсан үүргийг биелүүлэх, төрийн албан хаагчид нь эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйтэй, хуульд захирагддаг, сахилга хариуцлагатай байх нийтлэг шаардлага бий. Энэ шаардлагад нийцүүлж ажиллуулахад миний төрийн албанд ажилласан 20 гаруй жил, үүнээс удирдах албан тушаал хашсан сүүлийн 10 гаруй жилийн туршлага хүрэлцэх байх гэж бодож байна.
Нөгөө талаар уул уурхайн салбарыг эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс орны аюулгүй байдал талаас нь онцгой анхаарч ажиллах шаардлагатай болсон гэж үзэж төрийн албанд, тэр дотроо төрийн тусгай албанд, аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж тодорхой мэдлэг, туршлага хуримтлуулсныг минь харгалзаж үзсэн юм болов уу.
Стратегийн орд тойрсон ойлгомжгүй бүрхэг асуудлыг цэгцлэх үүднээс АМГ-аас Ажлын хэсэг байгуулан тодорхой ажлууд хийж байгаа гэж сонссон. Энэ ажлын явц ямархуу байна вэ? Шинээр нээгдэж байгаа орд газруудаас стратегийн ач холбогдолтой ордод хамрагдах ордууд байгаа болов уу?
2011 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын өгсөн чиглэлийн дагуу стратегийн ач холбогдолтой байж болох ордуудыг дахин үнэлж, санал боловсруулах ажлын хэсэг 18 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдан ажилласан юм билээ. Ажлын хэсэг нийт 64 орд дээр үнэлгээ хийж 10 үзүүлэлтээр дүгнээд 33 ордыг “Cтратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэсэн ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь одоогоор түр үлдээх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлт нэгэнт гарсан тул надад нэмж хэлэх юм алга. Тодорхой ордыг энэ ангилалд багтаах эсэх асуудлыг хамгийн сүүлд УИХ дээр шийднэ.
Шинээр нээгдэж байгаа ордуудын хувьд ихэнх нь хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдэж нээгдсэн ордууд байгаа. Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон орд Стратегийн ач холбогдол бүхий гэсэн ангилалд орвол 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болох тухай заалт бий. Энэ заалтын хүрээнд шинээр нээгдэж байгаа томоохон ордуудын асуудал шийдэгдэнэ.
Ер нь энэ ангилалд багтсан ордын хувьд төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох асуудал гарах тул ордуудыг ангилж байгаа шалгуур нь тодорхой, маргаангүй шударга байх хэрэгтэй. Нөгөө талаар энэ ангиллын шалгуур, тодорхойлолтын хувьд хуулийн холбогдох заалт, зохицуулалтуудыг ч эргэж хармаар, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай зүйлүүд бий.
Сонгуулийн өмнө зарим намын, тухайлбал АН-ын мөрийн хөтөлбөрт лиценз олголтыг цаашид Засгийн газар хариуцна гэсэн зарчмын зүйлүүд байсан. Тэгэхээр өмнө нь лиценз олголтыг хариуцаж байсан танай агентлагийн үүрэг өөрчлөгдөх үү?
Одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар манай агентлагийн чиг үүрэг тодорхойлогдсон байдаг. Үүний дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар олгож байгаа.
Хэрэв шинээр байгуулагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газарт хариуцуулна гэж тусгагдаад энэ нь холбогдох хууль тогтоомжоор батлагдвал үүний дагуу манай агентлагийн чиг үүрэг өөрчлөгдөх байх.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹008 дугаараас уншина уу.