Оросын
уул уурхай, металлургийн магнат Мечел компани өөрийн эзэмшдэг Элга
коксжих нүүрсний ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад зарна гэдгийг
өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Уг ордын тодорхой хэсгийг аль
компанид хэдий хэмжээний үнээр худалдаалах талаар нарийн мэдээлэл
одоогоор алга байна. Япон, Өмнөд Солонгос, Хятадын компаниуд худалдааны
хэлцэлд оролцох магадлалтай ажээ. Mechel-ийн уул уурхайн салбар компани
Mechel Mining -ын эзэмшдэг Элга ордын нөөц нь 2.44 тэрбум тонн бөгөөд
тус компани 2014 он хүртэл уурхайн үйл ажиллагаанд 2.87 тэрбум
ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Тус компани энэ сард Лондоны
хөрөнгийн бирж дээр IPO хийхээр төлөвлөж байсан юм. Тодруулбал Mechel
Mining-ын 15 хувийн хувьцааг зарж 2 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөөд
байжээ.
Гэвч Европын өрийн хямрал даамжирсны улмаас “IPO”
төлөвлөгөөг хойш нь тавьснаа тус компани өнгөрсөн тавдугаар сард зарлаж
байсан юм. Дойче банкны үзэж буйгаар Элга ордыг эзэмшиж буй Mechel
Mining компанийн нийт үнэлгээ одоогийн байдлаар 7.8 тэрбум ам.доллараар
хэмжигдэх ажээ. Японы Сожиц корпорацийн хувьд Элга ордоос их хэмжээний
коксжих нүүрс худалдаж авах сонирхлоо илэрхийлээд буй ажээ. Тиймээс уг
худалдаанд Японы Сожиц, Солонгосын Поско болон Хятадын компаниуд оролцох
магадлал өндөр байгаа ажээ. Харин Мечелийн хувьд Элга ордынхоо зарим
хувийг зарснаар их хэмжээний өрийн дарамтаа хөнгөлж, Элга ордын үйл
ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болно гэдгийг шинжээчид
онцолж байна. Одоогийн байдлаар Мечел компани нийтдээ 9.6 тэрбум
ам.долларын өртэй байгаа ажээ.
Б.Төгс