Хятадын Засгийн газар энэ сарын эхээр эдийн засгийн өсөлтийг дэмжих
хүрээнд дэд бүтцийн төсөлд 1 их наяд юань буюу 158 тэрбум ам.долларын
төсөв баталсан. Энэхүү үлэмж хэмжээний хөрөнгө нь зөвхөн тус улсын аж
үйлдвэр, эдийн засгийн байдлыг сайжруулаад зогсохгүй эрдсийн зах зээлийн
үнийг өсөхөд хүчтэй нөлөөлж эхэлжээ. Тухайлбал төмрийн хүдрийн үнэ энэ
сарын эхээр 90 ам.доллар/тонн-д ч хүрэхгүй байсан бол өчигдрийн байдлаар
Хятадын боомт дээр 109 ам.доллар/тонн болж нэмэгджээ. Төмрийн хүдрийн
үнэ өссөн нь Хятад дахь гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжсэний
зэрэгцээ гангийн эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэнийг баталж байгаа юм. Дэлхийн
төмрийн хүдрийн зах зээлд жилдээ нэг тэрбум гаруй тонн бүтээгдэхүүн
эргэлддэгийн 60 хувь нь Хятадын боомтод хүрдэг ажээ. Томоохон банк
санхүүгийн байгууллагууд тухайлбал Morgan Stanley банк ирэх жил төмрийн
хүдрийн үнэ үргэлжлэн өснө гэсэн таамаг дэвшүүлжээ.
Ийнхүү
төмрийн хүдрийн үнэ өсөөд буй нь Рио Тинто, Fortescue Metals, BHP зэрэг
компаниуд болон бусад жижиг компанийг “амьсгаа авах” боломж олгож байна.
Гэхдээ Австралийн төр засаг эрдэс бүтээгдэхүүний үнийн эрчимтэй
өсөлтийн үе аль хэдийнэ өндөрлөснийг мэдэгдсээр байгаа юм.
Австрали
улсын төмрийн хүдрийн салбараас олох ашиг энэ санхүүгийн жилд 20 хувиар
буурч 53.2 тэрбум австрали доллар болох төлөвтэй байгаа ажээ.
Төмрийн хүдрийн үнэ одоогоор өсөөд буй ч, үнийн бууралтын энэхүү мөч бүрмөсөн өнгөрчихөөгүй байна гэж зарим шинжээч үзжээ.
Гэхдээ
Хятадад гангийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Тухайлбал нэг тонн
арматурын үнэ 3591 юань/тоннд хүрсэн нь өмнөх өдрийнхөөсөө 1.04 хувиар
өсчээ.
Б.Төгс