Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Япон 2040 онд цөмийн эрчим хүчний салбарыг орхино

Япон улс ард нийтийнхээ цөмийн эрчим хүчний эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас уг төрлийн цахилгаан үйлдвэрлэлийг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулжээ. Япон улсын Ерөнхий сайд Ёшихико Нодагийн өнгөрсөн баасан гаригт баталсан төлөвлөгөөний дагуу тус улс ирэх 20 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт 38 их наяд иен (480 гаруй тэрбум ам.доллар) зарцуулахын зэрэгцээ эрчим хүчний үр ашигтай технологийн салбарт 84 их наяд иен (1 их наяд гаруй ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Түүнчлэн 2030-аад оны сүүлээр Япон цөмийн эрчим хүчний салбараас бүрмөсөн ангижирна гэж заажээ.
 
Японд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн дотор нар, салхины эрчим хүчний төслүүд зонхилох байрыг эзэлж буй юм. Өнгөрсөн долоо хоногт нэг мянган МВт-ын хүчин чадалтай салхин паркийг Хоккайдод байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж буйг зарлажээ. Уг паркад 500 салхин турбин байрлуулах аж. Энэ нь Монголын одоогийн үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний хэмжээнээс ч илүү их цахилгаан юм. Түүнчлэн 250-900 МВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний төслүүд ч хэрэгжих ажээ. Эдгээр төслийг Softbank, Goldman Sachs, IBM, Nippon Telegraph & Telephone, Toyo Engineering болон бусад байгууллага хэрэгжүүлэхээр болоод буй ажээ.

Япон ийнхүү сэргээгдэх эрчим хүчний салбар дахь төлөвлөгөөгөө танилцуулаад буй бол Хятадын салхин паркийн “далайц” энэ жил АНУ-ыг ардаа орхиж дэлхийд тэргүүлээд байна. Тус улсад сүүлийн зургаан жилийн хугацаанд салхин цахилгаан станцын хүчин чадал хоёр мянгаас 52.6 мянган МВт болтлоо өргөжжээ. Хятад улс 2015 он гэхэд энэ үзүүлэлтийг 100 мянган МВт, улмаар 2020 он гэхэд 200 мянган МВт-д хүргэхээр төлөвлөжээ.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт улс орнууд ийнхүү үлэмж цар хүрээтэй бодлого боловсруулан хэрэгжүүлж буй нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилготой нь илүүтэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр салхины эрчим хүчний технологид хэрэглэгддэг зэсийн эрэлт цаашид тун ихээр нэмэгдэх нь эдгээр улс орны бодлогоос илт болж байна.

Б.Төгс