Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Европын хямрал ЭЗ-ийн 2-3 жилийн рецессийг бий болгоно

ОХУ-ын эдийн засгийн сайд асан, Үйлдвэрлэгч хэрэглэгчдийн холбооны тэргүүн Александр Шохин эдийн засгийн өнөөгийн удаашрал, санхүүгийн тогтворгүй байдал болоод төрийн оролцооны талаар өөрийн үзэл бодлыг “Полит.ру” өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Эдийн засгийн шинэ хямрал хэрхэн өрнөх талаар олон янзын таамаг гараад буй. Харин энэ хямралын  талаарх Таны төсөөлөл ямар байна вэ?

Хямралаас ч илүү хүнд байдал тохионо. Энэ бол эдийн засгийн рецесс юм. Удаан хугацааны туршид эдийн засаг зогсонги байдалд орж, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, хөрөнгийн биржийн индексүүд олноор зэрэг унах төлвийг рецесс гэнэ. Хямрал биш харин эдийн засгийн рецесс болж байгаа нь тун муу хэрэг юм. Рецесс нь санхүүгийн хямралын нэг давалгаа биш юм. Сайн серфингист ямар ч том давалгаанаас аюулгүй гарч чаддаг. Харин рецессийн хувьд тодорхой хугацаанд усан дор хүчтэй даралтыг тэсвэрлэж чадсан нь “амьд гарна” гэж ойлгож болно. Энэ нь мөн хэр зэргийн гүнд шумбаснаас мөн шалтгаална.

Хэрэв хямралын давалгаа нь хэсэгхэн хугацааных бол рецесс нь урт хугацааных  байх нь ээ?

Тийм. Миний бодлоор хоёр жилээс багагүй хугацаанд үргэлжлэх болов уу. Европын санхүүгийн хямрал хурц байдалд шилжлээ ч дэлхийн болоод Оросын эдийн засагт аюул төдийлөн учрахгүй. Гэхдээ хямралын хурц байдал нь 2-3 жилийн эдийн засгийн рецессийг бий болгох магадлалтай. Энэ нь хамгийн сөрөг тал юм.

Тэгвэл эерэг хувилбар нь юу байх бол?

Бүгд “+0” байх нь эерэг хувилбар. Уналт ч үгүй, эдийн засгийн ямар нэг өсөлт ч үгүй урт хугацаанд үргэлжлэх үе.

Үйлдвэрлэгч хэрэглэгчдийн холбоо өөрийн гэсэн хямралын эсрэг төлөвлөгөөтэй юу?

Бодлогогүй алхам хийж, аваарын механизм асаахгүйн тулд хямралын эсрэг бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж бид бодож байгаа. Шатаж байна гэдэг зарчмын үүднээс эдийн засагт гарсан цоорхойг төсвийн мөнгөөр нөхөхгүй байх хэрэгтэй. Нийгэмд чиглэсэн үүрэг хариуцлагадаа маш болгоомжтой хандах нь чухал. Ядаж л биелэшгүй амлалт өгөх хэрэггүй. Улсын хөрөнгөнөөс орж ирж байгаа мөнгө болон улсын  секторыг өргөжүүлэхийн тулд төрийн өмчит компаниудаас орж ирэх ноогдол ашиг, орлогыг зарлагдах хэрэггүй  юм. Төрийн компаниудыг хувьчлахад одоо тийм ч тохиромжтой цаг үе биш.  Ямартай ч энэ ажилд төсвийн мөнгө болох Газпром, Роснефтегаз зэрэг компаниудын ашиг орлогыг зарцуулахгүй байх нь чухал. Харин тэтгэвэр тэтгэмж зэрэг нийгмийн баталгааг хангах болон бусад зүйлд зориулахаар тэрхүү мөнгөө дээд зэргээр төсөвт хуримтуулах хэрэгтэй. Гэхдээ үүнээс илүү сайн арга бол Норвегийн зарчмаар Үндэсний хөгжлийн санд бүх мөнгийг төвлөрүүлэх юм.
 
Төрийн ДУМ-ын саяхны хуралдаанаар Санхүүгийн агентлагийн тухай хуулийг дэмжлээ. Энэ нь маш зөв юм. Гэхдээ миний бодлоор хувьцааг ашигтай борлуулах замаар Тэтгэврийн санг тэтгэх үүргийг Нөөцийн болон Үндэсний хөгжлийн сангуудад өгөх хэрэгтэй. Харин Төрийн өмчийн сан нь Үндэсний хөгжлийн санг тэтгэх.

Үйлдвэрлэгч хэрэглэгчдийн холбоо хямралын эсрэг төлөвлөгөөгөө төр рүү, эсвэл магадгүй Ерөнхийлөгчийн тамгын газар руу хандуулаад байна уу?

Ямар нэг гэнэтийн тохиолдлоос сэргийлэх арга хэмжээ авах шаардлага одоохондоо алга. Түүнээс гадна гаргаж хэлсэн бодол бүхэн үнэн байдаггүй бөгөөд харин эдийн   засагт санаандгүй хэлчихсэн бодол амархан бодит байдал болон хувирах нь бий. “Хямрал хямрал” гэж олон дахин яриад байх юм бол үнэхээр тохиож болзошгүй л юм. Харамсалтай нь эдийн засгийн “тоглогчид” санхүүгийн хямралд бэлтгэж эхлэхдээ хамгийн түрүүнд хөрөнгийн бирж дээрх хувьцаануудаа зарж үнийн уналтыг бий болгодог. Харин энэ үйлдэл нь санхүүгийн байдал тийм муугүй байсан ч хямралыг эхлүүлдэг.

Гэсэн ч дэлхийн санхүүгийн байдал таагүй байгаа энэ үед Үйлдвэрлэгч хэрэглэгчдийн холбооны зүгээс Та Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?

Бид Засгийн газрыг системчлэн ажиллахыг уриалж байна. Тодруулбал тэтгэвэр тэтгэмжийн бодлогын өөрчлөлт шинэчлэлийг ажил олгогчдын хариуцлагын даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрээс өмнө хийх хэрэгтэй.  Ажлын байр бий болгож байгаа хүмүүст өнөөдөр нэмэлт дарамт учруулах нь тун аюултай гэж бид үзэж байна. Тэгэхгүй бол эдийн засгийн хямрал тулгараад байгаа энэ нөхцөлд бидний 20 жилийн турш  ярьж байсан тэр бүх зүйлийг дан ганц бизнесийн салбарт нэг мөсөн тохохоор шийдээд байгаа юм. Үүний үр дүнд хөрөнгө гадагш урсаж, бизнесийн салбар дахь хэт ачааллын үр дагавраас зугтаж чадахгүй. Тэгэхээр одоо тэд ядаж эдийн засгийн хямралыг ойртуулж болзошгүй хортой алхмуудыг ядаж хийхгүй байх хэрэгтэй. Энэ л байхад хангалттай.