Гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчин болон Стратегийн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ? Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа зарим компанийн удирдлагаас Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа болон шинэ Засгийн газраас юу хүсч байгаа талаар байр суурийг нь сонирхсон юм. Засгийн газраас ойлгомжтой хуулийг хүсч байгаа “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Ерөнхийлөгч Питер Акерли:
Бид Монгол улсад зэс, алт, молибденийн хайгуулын үйл ажиллагаа эрхлээд арваад жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсад ойролцоогоор 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. “Зуунмод” зэс молибдений төсөл нь бидний гол хөрөнгө оруулалт хийсэн төсөл юм. Мөн саяхнаас “Зуунмод”-ын ойролцоо “Алтан нар” алтны ордыг илрүүлж, хайгуул хийж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хөрөнгө оруулагчдыг ихээхэн сандрал, айдаст оруулсан. Учир нь хөрөнгө оруулагчид хуулийг бүрэн гүйцэд ойлгож чадаагүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль хэрэгтэй гэдгийг бүх хүн ойлгож байгаа. Австрали, Канад аль аль нь ийм хуулийн зохицуулалттай. Гол асуудал нь тухайн хууль сайн боловсрогдоогүй учраас яаж хэрэгжих вэ гэдэг дээр ойлгомжгүй байдал их үүсч байгаа. Үүнийг тайлбарлах хэн нэгэн бий гэдэгт эргэлзэж байна.
Мэдээж, Монголын хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдсөн нь тодорхой. Гэвч улс төрийн нөхцөл байдал болон бүтээгдэхүүний эрэлтээс хамааран байдал өөрчлөгдөх хандлагатай байна. Харамсалтай нь шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаагаас үүдэн санаа зоволт түгшүүрийг үүсгэсэн. Тиймээс саяхныг хүртэл байсан хөрөнгө оруулалтын харьцангуй таатай нөхцөл байдал одоо ямар нэг хэмжээгээр буурсан. Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөлөөс үүдсэн ч, гол шалтгаан нь дотоод асуудалтай холбоотой гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн тодорхойгүй байдал, Оюутолгойн гэрээг эргэж харах тухай асуудал, Монголын Засгийн газар нөөц баялгийн национализмтай яаж зохицон ажиллах зэрэг нь тодорхойгүй байгаатай энэ бүхэн холбоотой. Глобал эдийн засаг тааруухан байгаа үед энэ бүх асуудал Монгол улсын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газраас тодорхой, ойлгомжтой хуулийг хүсч байгаа.
Хайгуулын компани хөрөнгө оруулалт татахад их хүнд боллоо“Алтан Рио Монгол” компанийн Хайгуул хариуцсан захирал Келли Клуер:Манай компанийн үндсэн төсөл бол зэс-алтны хайгуулын “Чандмань” төсөл. Сүүлийн 5 жилийн туршид энэ төсөл дээр ажиллаж байна. Ойролцоогоор 7 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Төсөл эхний үе шатандаа явж байгаа. Хийх зүйл маш их байна. Жил болгон олон тооны өрөмдлөг хийх ёстой ч түүнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Үнэнийг хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хууль биднийг ихээхэн хүнд байдалд оруулж байна. Яагаад гэвэл хайгуулын төсөл рүү олон улсын зах зээлээс гадны хөрөнгө оруулагчдыг татах нь маш хүнд болоод байна.
Шинэ Засгийн газар манайхтай адил төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг цаашид татаж чадах нөхцөл боломжийг бүрдүүлэх хууль дүрэм батлах байх гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид хайгуулаа үргэлжлүүлэн Монголын баруун хэсэгт томоохон орд газар нээх нь ихээхэн чухал юм. Учир нь одоо Монголд ажил олгож буй үндсэн 2 том байрлал байгаа нь Улаанбаатар хот, Өмнөговь аймаг. Монгол орны баруун хэсэгт өдий дайны томоохон бүтээн байгуулалт эхлэх нь чухал. Тиймээс ч бид идэвхтэй ажиллаж байгаа.
Боломж хомсдоно гэж үгүй, харин хөрөнгийн хомсдол л нүүрлэдэг
“Аспайр Майнинг” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дэвид Пол:Овоотын нүүрсний төсөлдөө өнгөрсөн сард ашиглалтын лиценз авлаа. Бид 2010 оны хоёрдугаар сараас хойш төслөө өргөжүүлэх тал дээр зогсолтгүй ажиллаж, бараг 40 гаруй километрийн өрөмдлөг хийсэн. Олон улсын биржээс 60 гаруй сая ам.долларыг Монголд хөрөнгө оруулахаар босгож, 40 саяыг нь одоогоор зарцуулаад байна. Мөн Эрдэнэт хотоос Мөрөн хүртэл шинэ төмөр зам барих талаар судалгаа хийж дууссан.
Гадны хөрөнгө оруулагчийн хувьд Засгийн газар аль болох богино хугацаанд бодлого, чиглэлээ батлаад, тодорхой болгоосой гэж хүсч байна. Ирэх 4 жилд Монгол орон хэрхэн хөгжихийг хармаар байна. Сонгууль, хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль зэрэгтэй холбоотой зарим нэг тодорхой бус зүйлүүд байна. Гэхдээ амархан шийдвэрлэж болох сөрөг ойлголтууд гэсэн үг. Шийдчих юм бол тэр дороо эерэг байдал гараад ирнэ. Монгол орон эрдсийн асар их баялагтай. Гэхдээ боломж хомс байна гэж байхгүй, харин хөрөнгийн хомсдол л байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Цаашдын өрнөлийг хүлээж байна
“Занаду Майнз” компанийн менежер, Ерөнхий геологич Эндрю Стюарт:“Занаду Майнз” бол Монголын алт, зэсийн хайгуулын компани. Хэд хэдэн төсөлтэй. Эрдэнэт орчимд байдаг төслийнхөө гүн өрөмдлөгийн үе шатыг саяхан дуусгасан. Монгол орны хойд хэсгээр байрладаг төсөлдөө 2.5 сая ам.доллар оруулахаар төлөвлөж байна.
Эрдсийн баялаг нөөцтэй Монгол орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтын талаар дүрэм журамтай байх нь чухал. Манай Австрали улсад ийм хууль дүрэм бий, Канадад бий. Тэгэхээр Монголын хувьд ч гэсэн хууль дүрэмтэй байж, гадны хөрөнгө оруулалт хаанаас, хэнээс ирж байгааг мэдэх маш чухал. Бидний хувьд одоогоор ямар нэг шүүмжлэл хэлэхэд эрт байна. Цаашид юу өрнөхийг хүлээж байна.
Тогтвортой байдал бол гол түлхүүр. Уул уурхай урт удаан хугацааны хөрөнгө оруулалт санал болгодог. Оюутолгойг хар. 1997 оноос хойш үйл ажиллагаа нь эхэлсэн. Үүнээс хойш олон Засгийн газар солигдлоо. Тэгэхээр уул уурхайн салбарыг хөгжүүлье, үүний үр шимээр улс орноо хөгжүүлье гэвэл тогтвортой байдал хамгийн чухал нь.
Дотоодын хөрөнгө оруулагчдаа гадныхнаас илүү биш гэхэд дор үзмээргүй байна
“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:Уул уурхайн төслүүдэд 10, 20 бүр, 40 жилээр хөрөнгө оруулалт хийгддэг. Хууль нь жил бүр, эсвэл 4 жил болгон өөрчлөгдөөд байх юм бол хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох, эрсдэл даах боломж хязгаарлагдмал болдог. Манайд уул уурхайтай холбоотой хууль эрхзүй, татварын орчин тогтвортой гэж би хэлж чадахгүй.
Хүн болгоны хүсч буй зүйл бол тогтвортой байдал. Бидний хувьд ямар нэг байдлаар татвараас чөлөөлөөд өг, хөнгөлөлт үзүүлээч гэж хүсэхгүй байгаа. Ганцхан зүйл хүсч байгаа нь одоо байгаа орчноо тогтворжуулаад өгөөч ээ. 10, 20 жил тогтвортой орчинд ажиллаж, дотоодын компаниудад өсч өндийх боломжийг олгох хэрэгтэй.
Өмнө нь хууль эрхзүйн орчныг харахад татварын тогтвортой байдал үүсгэх боломжууд байсан. Гэхдээ энэ нь гадаадын хөрөнгө оруулалт руу түлхүү чиглэсэн. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарсан байж болно. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийвэл тодорхой хэмжээнд татварын хөнгөлөлт эдэлнэ, хувь хэмжээг тогтворжуулна гэх мэтээр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулдаг байсан. Нөгөө талаас Ашигт малтмалын хуульд байдаг Хөрөнгө оруулалтын гэрээг гадны ганц компанитай хийсэн тохиолдол нь Оюутолгой төсөл. Үүнээс гадна Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн дагуу “Бороо гоулд”, “Цайрт Минерал” гээд уул уурхайн хэд хэдэн төсөлтэй Тогтвортой байдлын гэрээ хийж байсан. Дотоодын аж ахуйн нэгжтэй хийж байсан ямар ч тохиолдол байхгүй. Мэдээж гадны хөрөнгө оруулагчид чухал. Цаашид ч чухал байна. Гэхдээ дотоодын хөрөнгө оруулагчдаа гадныхнаас илүү харж үздэггүй юм гэхэд дор үзмээргүй байна. Хуулийнхаа хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаанд дотоодын аж ахуйн нэгжүүд гадныхантай адилхан эрхтэй байх хэрэгтэй шүү дээ.