Байгаль
орчны багц хууль тавдугаар сарын 17-нд батлагдаж, энэ сараас хүчин
төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаа билээ. MMJ-ийн өнгөрсөн сарын дугаарт
багц хуулинд багтсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Энэ удаад
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай
хуулийг танилцуулахаар бэлтгэлээ.
“Монгол улсын нутаг дэвсгэр
дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн”. Усны тухай хуулийн
шинэчилсэн найруулгын 4.1-т ингэж заажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, өмнөд говийн бүс нутагт өрнөх
уул уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах усны асуудлыг хэлэлцсэн
билээ. Ус үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж, стратегийн үнэт
баялаг хэмээн тодорхойлогдож байгаа нь түүний үнэ цэнийн илэрхийлэл болж
байна.
Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд, ашигтай
хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална гэсэн нь шинэчилсэн
хуулийн гол түлхүүр заалт юм. Усны нөөц, түүнээс ашиглах боломжит
нөөцийг нь Усны нөөцийн зөвлөл батлахаар заасан бол тус зөвлөлийг
Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулж, дүрэм
болон бүрэлдэхүүнийг батлахаар тусгажээ. Манай улсын хувьд уул уурхайн
салбарт усны хэрэгцээ хамгийн их анхаарал татдаг. Уул уурхай эрчимтэй
өсөхийн хэрээр усны эрэлт хэрэгцээ үлэмж нэмэгдэж, өнөөгийн түвшнээс
10-15 дахин магадгүй түүнээс ч их хэмжээгээр өсөх хандлага ажиглагдаж
байгааг салбарын мэргэжилтнүүд тооцоолж, сануулсаар байгаа.
Уул
уурхай, аж үйлдвэрийн паркийн усан хангамжийн эрэлтийн графикийг харвал
ирээдүйд яагаад ч хүрэлцэхгүйгээр барахгүй, хомсдол үүсэх нь тодорхой
байна.
Манай орны говийн бүсэд гадаргын ус бараг байхгүй. Зөвхөн
гүний усны нөөц бий. Энэ нөөц нь уул уурхай, хүн амын усны хэрэгцээг
хангаж чадахгүй нь тодорхой учраас гадаргаас ус дамжуулах төслүүдийг
судалж буй. Томоохон гол мөрний урсацад тохируулга хийх, шилжүүлэн
ашиглах шийдвэрийг УИХ гаргах эрхтэй гэсэн заалт хөндөгдөөгүй хэвээр
үлджээ. Харин усны барилга байгууламжийг эзэмших, ашиглах эрхийг 20
жилийн хугацаатай олгодог байсан бол шинэчилсэн хуулиар 5 жилийн
хугацаатай олгож, хариуцлагатай ашигласан тохиолдолд эрхийг дахин 5
жилийн хугацаатай сунгаж байхаар заажээ. “Ус бол стратегийн үнэт баялаг.
Тиймээс ус ашиглагчийн хариуцлагыг дээшлүүлж, усны нөөцийн түвшинг
үргэлж хянаж байх үүднээс ашиглах эрхийн хугацааг ингэж богиносгосон”
гэж хууль боловсруулагчид тайлбарлаж байна. Стратегийн ордын хувьд ус
ашиглах эрх нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай нэгэн адил 30
жилийн хугацаатай олгогдохоор тусгагдсан байна.
Балгасын улаан нуурыг алдах уу?
Тавантолгойг
эдийн засгийн эргэлтэд оруулах гол түлхүүр болсон Балгасын улаан нуурын
газрын доорх гүний усны ордыг ашиглуулах, эс ашиглуулах тал дээр нэлээд
маргаан өрнөдөг. Нутгийн иргэд ордыг ашиглахыг эрс эсэргүүцэж байгаа
бол Засгийн газраас тодорхой хэсгийг нь авч ашиглахаас өөр аргагүй
гэдгийг хэлж, тогтоол, шийдвэрээ гаргачихсан. Усны тухай хууль
шинэчлэгдсэнээр өмнөговьчууд Балгасын улаан нуураа авч үлдэх хуулийн
үндэслэлтэй болох нь. Хуулийн 22.7-д Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр
болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн
тусгай хамгаалалтад авна гэсэн заалт орсон. Балгасын улаан нуур бол
хамгийн залуу, цэнгэг устай орд гэдэг нь судалгаагаар тогтоогдсон билээ.
Тус ордыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан боловч дээрээс
гаргасан тушаал шийдвэрийг дагахаас аргагүй байгаагаа орон нутгийнхан
учирладаг. Харин тус ордыг улсын тусгай хамгаалалтад авах эрх зүйн орчин
бүрдсэн тул өмнөговьчууд энэ заалтыг бариад асуудал тавихад нуураа авч
үлдэх боломж нээгдсэн гэж хэлж болно.
Ер нь цэнгэг, шорвог гэж
ялгалгүй хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглах, цэвэр технологи нэвтрүүлэх
шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавих нь зүйн хэрэг. Одоо хүчин төгөлдөр
хэрэгжиж байгаа хуулийн 31.6-д Улсын стандартад тохирохгүй технологи
бүхий үйлдвэр, үйлчилгээний газарт ус ашиглуулахыг хориглоно гэж заасан
байдаг. Харин шинэчилсэн найруулгаар энэ заалт Байгальд халтай технологи
бүхий үйлдвэр, үйлчилгээний газарт ус ашиглуулах дүгнэлт гаргахыг
хориглоно гэж өөрчлөгдсөн. Аливаа төсөл хэрэгжүүлэгчийн ашиглах
технологи байгальд хэр халтай вэ, ямар шалгуураар дүгнэх вэ гэдэг нь
харин тодорхойгүй байна. Тэгэхээр Улсын стандартад нийцээгүй
технологитой үйлдвэрт ус ашиглуулахыг хориглоно гэсэн нь илүү барьцтай
заалт шиг харагдана. Технологитой холбоотой асуудал маш нарийн учраас
хуулиндаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Шинэчилсэн найруулгын 24.4-д
Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус
зайлуулах цэгээ эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүний тогтоосон журмын дагуу ус тусгаарлагчаар
тусгаарлаж тохижуулсан байна гэж заажээ. Ус тусгаарлагч гэдэг нь хөрсөнд
бохир ус нэвчихээс хамгаалсан тугаарлагч байх уу, эсвэл зөвхөн цэгийг
тойруулсан тусгаарлагч байх уу гэдэг нь тодорхойгүй байх жишээтэй.
Усны мэдээллийн сан баяжина Уул
уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагдах өмнөд говийн бүс нутагт газрын
гүний усны судалгааг нэгдсэн журмаар хийгээгүй. Социализмын үеийн
судалгаанаас өөр мэдээлэл хомс, хувийн компаниудын армаг тармаг судалгаа
л байдаг. Нэг компани ус хайж илрүүлээд цооног өрөмдөхөд нөгөө
компанийн хэрэглэх усны төвшин эрс доошилдог гэсэн мэдээлэл ч байдаг.
Энэ мэт асуудлыг зохицуулахын тулд усны мэдээллийн санд багтах
мэдээллүүдийг илүү тодорхой болгож өгчээ. Тодруулбал, усны мэдээллийн
сан нь гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн
үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар,
өөрчлөлт, хяналт шинжилгээний мэдээ, ус ашиглалт, ус зайлуулахтай
холбогдсон мэдээ, экологи эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч
ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга
байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээллээс
бүрдэнэ. Мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг ус ашиглагч
иргэн, аж ахуй нэгжүүд усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв
байгууллага болон, сав газрын зөвлөлд өгөх үүрэг хүлээжээ. Энэ үүргийг
биелүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин, албан
тушаалтныг 5-10 дахин, аж ахуй нэгж, байгууллагыг 5-20 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Сав газрын захиргааны эрх мэдэл дээшилнэ“Усны
сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг
бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг хэлнэ
Усны
тухай хуулийг 2004 онд шинэчлэн батлахдаа гол, мөрний сав газрын
зөвлөл байгуулж, тухайн сав газартаа усны нөөцийн ашиглалт,
хамгаалалтын асуудлыг зохицуулахаар олон талт оролцоог хангасан орон
тооны бус байгууллага хэлбэрээр ажиллуулахаар зохицуулсан. Гэвч сав
газрын менежментийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг, сав
газрын зөвлөлийн байнгын үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг хуульд
тодорхойлон заагаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутмагаас зөвлөлийн
бодит үр дүн гардаггүй, цаасан дээр унтаа байдалд байв. Харин хууль
дахин шинэчлэгдсэнээр сав газрын зөвлөлийн санал дүгнэлт үнэтэй болох
юм. Монгол улсад 29 усны сав газар байдаг. Тэдгээрт сав газар бүрт
захиргаа байгуулж, эрх үүргийг нь тодорхой зааж өгсөн. Сав газрын
захиргааны дэргэд сав газрын зөвлөлийг байгуулна. Захиргаа зөвлөл хоёр
нь нэгийгээ хянаж, хамтран ажиллах юм.
Сав газрын захиргаа нь
олон шийдвэрт нөлөөлөх эрхтэй байгаагийн дотроос 17.2-д Тухайн сав
газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл
олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэсэн заалт нэлээд
анхаарал татаж, хасагдах шахан байж хуульд орсон юм. Мөн гол, мөрөн,
нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын
болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах,
сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус
зайлуулах цэг тогтоох гэх мэт чухал дүгнэлт гаргах эрх Сав газрын
захиргааны гарт олгогджээ.
Усны тухай хуулийн шинэчилсэн
найруулгаар ус хэрэглэгч, ашиглагчийн хариуцлага өмнөхөөсөө илүү
чангарсан. Гэхдээ энэ хариуцлагыг гадны улсуудтай харьцуулахад хамаагүй
зөөлөн байгаа юм. Монгол улс зөвхөн нүүрс, зэсээр зогсохгүй өөр олон
төрлийн ашигт малтмалын арвин нөөцтэй. Тухайлбал, сүүлийн үед шатдаг
занарыг ихээхэн сонирхож эхэлсэн. Шатдаг занараас нефть, байгалийн хий
гаргаж авах талаар төрийн зүгээс ч, хувийн компаниуд ч судалгаа хийж
байгаа. Энэ мэт баялгуудаа ашиглаж эхлэхэд усыг их хэмжээгээр ашиглана.
Тиймээс том төслүүд ашиглалтад орохоос өмнө ус ашиглахад тавигдах
шаардлага, босгыг өндөрсгөх нь туйлын ач холбогдолтой юм.
О.Хосцэцэг