Австралийн нүүрсний томоохон олборлогчдын нэг “Англо Американ” компани ирэх саруудад олборлолтоо багасгахаар болсноо өнгөрсөн лхагва гарагт мэдэгдээд байна. Энэхүү шийдвэрээ тус компани зах зээл дэх түүхий эдийн үнийн бууралт болон үйл ажиллагааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. Австралийн Эрдэс баялгийн салбарын сайд Мартин Фергюсон “Манай улс шинэ, шинэ төслүүдийнхээ тэрбум, тэрбум долларыг үйл ажиллагааны зардал нэмэгдсэний улмаас алдаж байна” гэж саяхан мэдэгдсэн юм. Харин “Англо Американ” компанийн Коксжих нүүрсний хэсгийн Гүйцэтгэх захирал Seamus French “Бид цаашдын төлөвлөгөөгөө зах зээлийн энэхүү нөхцөл байдлыг тусган боловсруулж байгаа. Дунд хугацаанд бид олборлолтоо танах нь тодорхой” гэжээ. Түүнчлэн олборлолтоо багасгасан нь цаашид ч үргэлжилж болзошгүйг онцолжээ. “Англо Американ” компани бол коксжих нүүрсний олборлолтоороо дэлхийн эхний гуравдугаарт ордог том байгууллага юм. Тус компани Австралийн Куэнсланд мужид нүүрсний таван уурхай, Шинэ Өмнөд Уэльс мужид нэг уурхайд тус тус олборлолт хийж байгаа юм.
Сүүлийн саруудад нүүрсний үнэ буурахын хэрээр салбарын компаниуд ашигтай ажиллах эсэх нь эргэлзээтэй болж ирснийг зах зээлийн шинжээчид тэмдэглэсээр байгаа. Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 140 ам.доллар/тонн-оос ч бага үнэтэй болоод байгаа нь нүүрсний компаниудын үйл ажиллагаанд том саад болж буй “бул чулуу” болоод байна. Гэхдээ Япон, Солонгосын гангийн компаниуд болон Австрали, Америкийн нүүрсний компаниудын хооронд хийгддэг гэрээт үнэ ирэх улиралд 170 орчим ам.доллар/тонн байхаар тогтсон ч энэ нь өнгөрч буй улиралд гэрээт үнэ 225 ам.доллар/тонн байсантай харьцуулахад маш доогуур үнэлгээ юм. “Англо Американ”-ы Гүйцэтгэх захирал French зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг “Яг энэ цаг мөч бол юмсыг дахин үнэлэх сайхан боломж тохиож буй мэт санагдаж байна” гэж эерүүлжээ.
2011 оны эхэн үеэр коксжих нүүрсний үнэ оргилдоо хүрээд байх мөчид олборлогчид бүтээмжээ нэмэгдүүлсэн нь зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэхэд хүргэсэн билээ. Эрдсийн түүхий эдийн гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, тус улсын эрдсийн хэрэглээ нь унахын хэрээр олборлогч компаниудын анхаарлыг бүтээгдэхүүний үнэ ханш бус хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн өөрчлөлт илүүтэй татах болов. Сүүлийн 12 сарын хугацаанд Австралийн коксжих нүүрсний экспортын хоёр дахь томоохон зах зээл болох Хятадад гангийн эрэлт буурах тусам нүүрсний үнэ бараг 50 хувиар буурчээ. Үүнтэй зэрэгцээд Австралийн нүүрсний бүс нутаг Куэнсланд мужид олборлолт хийдэг компаниудын нүүрсний худалдаанд ногдуулдаг татварын хэмжээ ч мөн нэмэгдэж байгаа юм. Энэ нь тухайн компаниудын ашиг орлогод дахин нэг хүндрэлийг учруулаад буй.
Энэ есдүгээр сарын эхээр дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч “Экстрата” компани Австралийн уурхайнуудынхаа 600 ажилчныг цомхтгохоор болсноо зарласан юм. BHP Billiton компани ч мөн адил Куэнсланд муж дахь Gregory коксжих нүүрсний уурхайнхаа олборлолтыг бууруулж, бусад төслийнхөө үйл ажиллагааг дахин хянаж үзэхээ мэдэгджээ.
“Англо Американ”-ы Гүйцэтгэх захирал French, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан олборлолтын хэмжээг бууруулах алхмыг хэрэгжүүлэхээр болсон ч ирэх саруудад уг шийдвэрээ цуцалж магадгүй хэмээн тайлбарлажээ. Тэрээр, салбарын томоохон компаниудыг зөвхөн олборлолтоо багасгаад зогсохгүй, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан төслүүдээ оны сүүл болон ирэх оны эхний хагас хүртэл хугацаанд хойшлуулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүний тайлбарлаж буйгаар, өнгөрсөн оных шиг үнийн таатай нөхцөлд олборлогчид бүтээмжээ нэмэгдүүлж, нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа үед олборлолтоо бууруулдаг зарчим үйлчлэх нь зүйн хэрэг ажээ. Тус компанийн тухайд 2013 оны дунд үеийг дуустал олборлолтоо бууруулах бөгөөд Хятадын эрэлтийн сэргэлт нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржихэд дөхөм болж, үнэ ханшийг өргөх ажээ.
Австралийн Засгийн газрын эрдсийн зах зээл, экспорт болон эрчим хүчтэй холбоотой асуудлыг хариуцан ажилладаг хэрэгжүүлэгч агентлаг болох Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар энэ санхүүгийн жилд тус улсын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын экспортын орлого хоёр хувиар буурч, 189 тэрбум австрали доллар (196 тэрбум ам.доллар) болох талаар мэдэгджээ. Ердөө гуравхан сарын өмнө, тус газар уг үзүүлэлтийг 209 тэрбум австрали доллар байна гэж тооцоолж байсан юм.
Гэхдээ “Англо Американ” компани өөрийн гол гол төслүүдийнхөө үйл ажиллагааг зогсоохгүй бөгөөд 2020 он гэхэд олборлолтынхоо хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэвээр хадгалах ажээ.
Б.Төгс