Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь уурхайгаа нээлээ

2012.10.01

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани Тавантолгойн нүүрсний орд дээр хоёр дахь уурхайгаа нээж, Баруун Цанхийн талбайд уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажлаа намрын дунд сарын билигт сайн өдөр эхэллээ.Тус компани 2010 онд Цанхийн Зүүн талбай дээр эхнийхээ уурхайг нээж байсан бол энэ удаа коксжих нүүрсний нэг гол талбай болох Цанхийн Баруун хэсэг дээр хоёр дахь уурхайгаа ийнхүү албан ёсоор нээлээ.

Баруун Цанхийн уурхайг нээснээр Тавантолгойн орд бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд  орж байна. Энэ талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаа нь олон талын ач холбогдолтой юм. Юуны түрүүнд, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар Улсын Их Хурлаас гаргасан 2008 оны 40, 2010 оны 39 дүгээр тогтоолууд бүрэн хэрэгжих боломжтой  боллоо. Тавантолгой орд дээр хоёр дахь уурхай ажиллаж эхэлснээр эдийн засгийн шинэ боломж бий болж, нүүрсний экспортоос төсөвт орох орлого нэмэгдэж, шинээр ажлын байр бий болоход чухал нөлөө үзүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн талбайн нүүрсний нөөц, ашиглалтын ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг батлуулж,  олборлолт эхлэхэд бэлэн болгосон. Цанхийн баруун талбай олон улсын /ЖОРК/ ангиллаар тооцоолоход ойролцоогоор 1.2 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь сайн чанарын коксжих нүүрсбайх боломжтой. Хөрс хуулалтын ажлыг ийнхүү эхлүүлснээр ирэх 2013 онд 1-2 сая тонн нүүрс олборлож экспортлох боломж бүрдэх бөгөөд нүүрсний олборлолт жил тутам нэмэгдэж, 2017 онд жилдээ 20 сая тоннолборлох хүчин чадалд хүрнэ. Ингэснээр Тавантолгой ордын Цанхийн зүүн болон баруун талбай дээр олон улсын түвшинд томд тооцогдох хоёр том нүүрсний уурхай ажиллаж, ирээдүйд 40-50 сая тонн нүүрс олборлож экспортлох болно.

Баруун Цанхийн уурхай ажиллаж эхэлсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг хүлээлтэд нийцэж, эрх ашгийг нь хангах болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 ондоо багтаж, Монголын Хөрөнгийн бирж болон Хонконг, Лондонгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нийтэд арилжих(IPO хийх)-аар төлөвлөсөн. Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад ганц Зүүн Цанхийн уурхайгаас гадна Баруун Цанхийн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн байх нь компанийн үнэлгээг боломжит өндөр түвшинд хүргэхэд маш чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Тавантолгой ордын талаар ойлгомжтой байдлыг бий болгож, улмаар Монголын иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны үнэ өсөх боломжийг дээшлүүлэх болно.

Баруун Цанхийн талбайд уул уурхайн үйл ажиллагаа, олборлолтоо эхлүүлэх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдээ эхлүүлэх, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхэд ач холбогдолтой. Цаашид уурхайнууд зэрэг олборлолт явуулж, бүтээгдэхүүнээ экспортолсоноор компанийн ашиг нэмэгдэж, улмаар улсын төсөвт төвлөрүүлэх орлого ихээхэн өснө. Баруун Цанхийн уурхайг ажиллуулж эхэлснээр уурхайн ашиглалтын төлөвлөгөө, дэд бүтцийн байгууламжуудыг зүүн Цанхийн уурхайтай нэгдсэн байдлаар, цогцоор нь зохион байгуулах боломжтой болох юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд Цанхийн зүүн талбайд анхны уурхайгаа нээж, 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон бол 2012 оны эцэс гэхэд 3.5-4 сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн орд ашиглах явдлыг цогц хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд үйлдвэрлэл, дэд бүтцийн хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлж байна. Тавантолгой ордыг түшиглэж 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэрийг барих эхлэл, бэлтгэл ажил үргэлжилж байна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор төлөвлөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани төрийн эзэмшлийн компани учир УИХ, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Хүний хөгжил санд өөрийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын хамт 2011-2012 онд  нийт 418 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь Монгол Улсын нийт иргэд, хувьцаа эзэмшигчид Тавантолгойн нүүрсний ордын үр өгөөжийг ашиглалтын эхний үе шатаас эхлэн хүртэж эхэлж байгааг харуулж байна.

Баруун Цанхийн уурхайг нээж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байгаа явдал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн түвшинд гарсан шийдвэр юм. Таван толгой ордын Баруун Цанхийн талбай дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай цаашид ямар хэлбэрээр, хэрхэн хамтран ажиллах нь компанийн гол хувь нийлүүлэгч /хувьцаа эзэмшигч/ болох Засгийн газрын түвшинд шийдэх асуудал болно. Баруун Цанхийн уурхайн ашиглалт, хөрөнгө оруулалтын хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” компани үзэж байна.

 

Эрдэнэс Тавантолгой ХК