Монголын нүүрсний ложистикийн хамгийн гол компаниудын нэг “Винсвэй” компанийг Хятадын төрийн өмчийн “Чалко” компани худалдаж авах тухайгаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр мэдэгдсэн билээ. Тус компанийн 30 хувийг “Чалко” компани авах тухай мэдээлэл цацагдмагц “Винсвэй” компанийн хувьцаа багагүй хувиар өсч, 1.88 хонконг доллар болсон юм. Гэхдээ тус компанийн хувьцаа одоогоор 1.06 хонконг доллар болж үнэлгээ нь унаад байна. Энэ оны байдлыг ерөнхийд нь авч үзвэл тус компанийн хувьцаа тавь гаруй хувиар унажээ. “Винсвэй” компанийн 29.9 хувийг авах тухай худалдааны хэлцэлд есдүгээр сарын 30-ны өдөр гэхэд гэрээг эцэслэнэ гэж тусгасан байжээ. Гэвч өчигдрийн байдлаар уг худалдааны хэлцлийн хамгийн чухал алхам болох Монголын Засгийн газрын зөвшөөрлийг авч чадаагүй тул гэрээг цуцалсан тухай хэвлэлүүдээр мэдээлж байна.
Нөгөөтэйгүүр “Чалко” компани өнгөрсөн сард “Саутгоби Ресурс” компанийг, энэ сард “Винсвэй” компанийг худалдаж авах хэлцлээсээ татгалзаж буй нь эдгээр компанид өндөр үнэ төлөх “үүрэг”-ээс чөлөөлөгдөж буй гэж зарим шинжээч тайлбарлаж буй юм. Монголын уул уурхайн салбарт асар их үүрэгтэйгээр оролцож буй энэ хоёр компанийн худалдааны хэлцэл 1.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Үүний зэрэгцээ “Чалко” одоогийн байдлаар их хэмжээний өртэй байгаа ажээ.Тус компани өрөө дарах зорилгоор ойрын хугацаанд компанийнхаа 1.25 тэрбум ширхэг хувьцааг хаалттайгаар арилжиж, 8 тэрбум юань (ойролцоогоор 1.27 тэрбум ам.доллар) босгох зорилготой буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Энэ жилийн эхний хагасын байдлаар “Чалко” компани 3.2 тэрбум юанийн алдагдал хүлээгээд буй бөгөөд хувьцааны борлуулалтын дүнд нийт өрийнхөө хэмжээг 60 хувиар бууруулахаар төлөвлөж буй юм.
Гэхдээ дээрх хэлцлүүд цуцлагдсныг Монголд Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсантай холбон тайлбарлаж байна. Уул уурхай өндөр хөгжсөн Индонез, Аргентин зэрэг улс орнууд орд газрууд дахь төрийн эзэмшлийн хувийг зузаатгах аяныг хэдийнэ эхлүүлээд байгааг шинжээчид онцлохын сацуу Монгол ч үүний буухиаг үргэлжлүүлж буйг тэмдэглэж байна.
Б.Төгс