Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Коксжих нүүрсний үнэ бууралттай хэвээр байна

Дэлхийн зах зээлд ган үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөлттэй байгаа ч коксжих нүүрсний үнэ бууралттай хэвээр байна. Өнгөрсөн лхагва гаригийн байдлаар Австралийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ чанарын үзүүлэлтээсээ хамаараад 124-140 ам.доллар/тонн байжээ. Шинжээчдийн хувьд Хятад, АНУ-ын Засгийн газрын эдийн засгийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд амласан олон тэрбум ам.долларын мөнгөний нийлүүлэлтийг хийх сургаар эрдсийн үнэ өснө гэсэн таамаг дэвшүүлсэн. Үнэхээр ч өнөөдөр зэсийн үнэ 10 орчим хувиар, төмрийн хүдрийнх 25 хувиар өсчихөөд байна. Гэтэл 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээсээ ялимгүй дээгүүр үнэлгээтэй байгаа коксжих нүүрсний үнийн дүнд өсөлт ажиглагдахгүй байгаа нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Коксжих нүүрс бол манай улсын экспортын бараг тал хувийг бүрдүүлдэг чухал эрдэс болоод буй. 

Хятадын гангийн үйлдвэрт нүүрс нийлүүлдэг Австралийн зарим нийлүүлэгчдийн мэдээлж буйгаар цаашид коксжих нүүрсний үнийг буулгах боломжгүй ажээ. Учир нь Австралийн уурхайн үйл ажиллагааны зардал улам бүр нэмэгдсээр байгаа юм. Гэвч Хятадын гангийн зах зээлд бодитой сэргэлт тохиохгүй бол коксжих нүүрсний үнэ ч нэмэгдэх боломжгүй гэдгийг нийлүүлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа юм. Хятадын гангийн үйлдвэрт нүүрс нийлүүлдэг Австралийн компаниудын хувьд 154-155 ам.доллар/тонн үнийн дүн тэдэнд харьцангуй ашигтай байх боломжтой үнэлгээ ажээ. Одоогийн байдлаар Хятадын импортын коксжих нүүрсний үнэлгээ 150 ам.доллар/тонн-оос доош ороод байгаа бөгөөд энэ нь тус улсын дотоодын уг төрлийн нүүрсний үнээс ч доогуур үнэ ажээ.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сарынхтайгаа харьцуулахад 34.6 хувиар буурч 2.57 сая тонн-д хүрчээ. Энэхүү дүнг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.8 хувиар буурчээ. Түүнчлэн энэ нь он гарсаар коксжих нүүрсний импортын сарын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээсээ буурч буй анхны тохиолдол болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдэгджээ.

Монголын хувьд коксжих нүүрсний экспорт бүхэлдээ Хятад руу чиглэдэг. Хятадын нүүрсний импорт буурахын хэрээр манай улсын нүүрсний экспорт ч мөн адил буураад байсан юм. Гэхдээ өнгөрсөн наймдугаар сард Хятадын нүүрсний импорт үргэлжлэн буурсан ч Монголын нүүрсний экспорт өмнөх долдугаар сарынхаас 18 орчим хувиар өсч 1.06 сая тоннд хүрчээ.

Б.Төгс