Япон улсын хэрэглээний үнийн үзүүлэлт
сүүлийн 16 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, Хятадын
компаниудын ашиг орлого таван сарын турш дарааллан буурч, евро бүсийн
орнууд бүхэлдээ өрийн хямралд автаад буй. Дэлхийн эдийн засгийн өсөлт
удаашраад байгаа энэ үед олон улсын зах зээл дэх алтны үнэ төдийлөн
тогтвортой биш ч өссөөр байна. АНУ-ын Холбооны нөөц ам.долларыг
сулруулах “QE-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж магадгүй гэсэн таамаг бүхий
мэдэгдэл алтны үнэ мэдэгдэхүйц өсөхөд нөлөөлсөн юм. Өнөөдрийн байдлаар
дэлхийн зах зээл дэх нэг унци алт 1780,20 ам.доллараар арилжаалагдаж
байна. Оны эцэс гэхэд алтны үнэ 1900 ам.долларт хүрнэ хэмээн олон улсын
алтны зах зээлийн шинжээчид таамаглаж байгаа юм.
Өнгөрсөн арван
жилийн хугацаанд алтны үнэ 230 хувиар өсчээ. Энэ үеийг дэлхийн алтны зах
зээлийн түүхэн дэх үнийн хоёр дахь “ралли” хэмээн шинжээчид
тодорхойлдог. 2000 онд нэг унци алтны дундаж үнэ 200 ам.доллар байв.
2011 оны есдүгээр сард алтны үнэ 1920 ам.долларт хүрч дээд амжилт
тогтоосон юм. Гэвч мөн оны арваннэгдүгээр сараас эхлэн буурсаар 2012 оны
гуравдугаар сард 1500 ам.долларт хүрсэн билээ.
Одоогоор
Хятад нь алтыг хамгийн их хэмжээгээр худалдан авч байгаа улс. Энэхүү
худалдан авалт нь дэлхийн зах зээл дэх алтны үнийг хөөрөгдөх нэг том
хүчин зүйл болоод байгаа юм. Тус улс нь алтны нөөцөө асар ихээр
нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа. Тодруулбал, юанийг дэлхийн валют
болгох алсын зорилготойгоос гадна алтны нөөцийн хэмжээгээ зургаа дахин
нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. Хятадын алтны нөөцийн хэмжээ 1054 тонн бөгөөд
энэ үзүүлэлтээрээ дэлхийд зургадугаарт орж байна.
Э. Од