Оросын төмөр зам /РЖД/ зорчигч болон ачааны чингэлгийг хурдны замаар тээвэрлэх Транссиб-2 төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүлж байгаа тухай тус компанийн ахлах менежер Денис Муратов мэдэгджээ. Транссиб-2 төсөл нь 7000 км гаруй урттай, зорчигч тээврийн галт тэрэг 200км/ц, чингэлэг тээврийнх 140км/ц хурдны төмөр зам юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа найман жил бөгөөд 186 тэрбум орчим рублийн өртгөөр барьж байгуулах аж.
Москва - Нижний Новгород - Казань - Екатеринбург чиглэлийн хурдны зам Транссибирийг хуучин замтай зарим хэсэгтээ зэрэгцэн тавигдах юм байна. Ачаа тээвэрлэлтийн чингэлгийг Оросын өмнөд хилээс баруун хязгаарт долоо хоногийн дотор хүргэнэ гэж тооцолж байгаа аж. Трассиб-2 төслийн хүрээнд одоогийн Транссибирийн төмөр замын ачааллыг багасгах гол зам, томоохон өртөө болон зангилааг тойрох замуудыг барихаар төлөвлөжээ. Төслийг РЖД-ийн урт хугацааны санхүүжилтийн хөтөлбөр болон ОХУ-ын төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратегид багтаахын тулд одоо Техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах шаардлагатай байгаа аж. Долоо хоногийн дотор ачаа тээврийн чингэлгийн галт тэргийг явуулдаг болсноор Хятадаас Европ руу чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэхээс гадна далайн тээвэрт өрсөлдөөнийг бий болгон, жилд гурван тэрбум ам.долларын ашигтай байх юм байна.
Өнөөгийн ашиглаж байгаа Транссибирийн төмөр зам нь Оросын эдийн засаг, аж үйлдвэрийн өнөөгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. 8000 км үргэлжлэх тус замыг 1891 оноос эхлэн барьж, 1916 онд дуусгаж байв. Хаант засаглалын үед баригдсан энэхүү төмөр замыг өргөжүүлэн шинэчлэх ажил 2015 он үргэлжлэх юм. Далайд гарцгүй Монгол улс Тавантолгойн орд газраас олборлох нүүрсээ Оросын Транссибирийн төмөр замаар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэхээр төлөвлөөд буй.
Э.Од