Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Азийн эдийн засгийн өсөлт удааширна

Дэлхийн эрдсийн зах зээлийн эрэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Хятад улсын эдийн засгийн байдал таагүй байгаа нь өнөөдөр бас нэгэн үзүүлэлтээр тодорхой болов. Учир нь тус улсын Худалдааны менежерийн индекс буюу PMI өнгөрсөн есдүгээр сард 53.7 гарсан нь өнгөрсөн наймдугаар сарын 56.3 үзүүлэлттэй харьцуулахад нэлээд доогуур гарчээ. Тодруулбал энэ нь тус улсын үйлдвэрлэлийн бус буюу үйлчилгээний салбарын өсөлт удааширч буйг харуулж байна. Хятадын эдийн засаг таагүй байгаатай холбоотойгоор тус улсын эрдэс бүтээгдэхүүний гол нийлүүлэгчдийн нэг Австрали улс 2008 оны гуравдугаар сараас хойш байгаагүй үлэмж хэмжээний худалдааны алдагдал хүлээж буйгаа мэдэгджээ. Австралийн худалдааны алдагдал өнгөрсөн наймдугаар сард 2 тэрбум гаруй австрали долларт хүрчээ.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк өнөөдөр Азийн эдийн засгийн байдлын талаар гаргасан тайландаа энэ жил уг бүсийн эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай байна гэж тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн жил уг үзүүлэлт 7.2 хувьтай байсныг бодвол тун бага дүн гэдгийг шинжээчид онцолж байна. Гэхдээ энэ дүнд Японы эдийн засгийн үзүүлэлтийг оруулж тооцоогүй ажээ.  

Азийн хөгжлийн банк тайландаа АНУ, Европын үйлчилгээний салбар уналтад орж байна. Тиймээс Азийн улс орнуудын хувьд экспортын гол зах зээл болсон эдгээр хоёр гүрэнд найдах бус, дотоодын үйлчилгээний салбараа хөгжүүлэн, түүндээ түшиглэх хэрэгтэйг онцолжээ.

Хятадын хувьд энэ жил эдийн засгийн өсөлт нь 7.7 хувьтай гарах төлөвтэй байгаа ажээ. Тус улсын эдийн засгийн өсөлт  өнгөрсөн жилийн байдлаар 9.3 хувьд хүрч байсан билээ. Харин Энэтхэгийн эдийн засгийн өсөлт энэ жил 5.6 хувь болж өмнөх жилийнхээс 0.9 хувиар буурах тооцоо хийжээ.
Эдгээр мэдээ нь дэлхийн эрдсийн зах зээлд таагүй нөлөөлөх нь тодорхой байна.

Б.Төгс