Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгой төсөл эхний хүдрээ авахын өмнө...

Оюутолгой төслийн эхний үе шат эхлэх цаг ойртсоор байгааг “Айвенхоу Майнз” буюу “Тurquoise Hill Resources” онцолж байгаа энэ үед бас нэгэн анхаарал татахуйц үйл явдал өрнөж эхлэв. Энэхүү төсөл амжилттай эхлэхийн өмнө хэд хэдэн ажил үлдээд байсан нь зах зухаасаа бүтэж биелэх болсон нь сайн хэрэг юм. Үүнд төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын нарийчилсан үнэлгээ долоо, наймдугаар сарын зааг үеэр боловсруулагдаж, нийтийн хүртээл болсон явдлыг дурдаж болно. Одоогийн байдлаар уг үнэлгээг Монголын байгаль орчны байгууллагууд үнэлж дүгнэн дүн тавьсан зүйл алга байна.

Гэхдээ энэ цаг мөчид үнэлгээнд гэхээсээ илүүтэй Хөрөнгө оруулалтын гэрээнд төвлөрсөн шуугиантай өдрүүд үргэлжилж байна. Монголчууд Оюутолгой төслийн Монголын талын хувь эзэмшилд илүүтэй анхаарах болов. Сүүлийн өдрүүдэд гадны хэвлэлүүдэд Монголын уул уурхайн нөхцөл байдал хэцүү болсныг мэдээлж байна. Энэ нь салбарын шинэ сайдтай холбоотой ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаар томилогдмогц гадаадын шинжээчид Монголын уул уурхайн салбарт “үндсэрхэх” үзэл баримтлал давамгайлах магадлал өндөр боллоо гэдгийг онцолж байсан юм. Сайд Д.Ганхуяг “Discover Mongolia 2012” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын хурлын үеэр үг хэлэхдээ Монголын ард түмэн баялгаасаа арай “илүү ихийг хүртэх ёстой” гэж мэдэгдсэн билээ.

Тэр энэхүү саналаа хэвлэлүүдэд Засгийн газрын албан ёсны байр суурь гэдгийг онцолж байсан. Түүний мэдэгдэл хэвлэл, олон нийтийн анхаарлын төвд нэгэнт ороод байх зуур, УИХ-ын нэр бүхий 23 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягт Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын баталсан 57 дугаар тогтоолын зүйл заалттай нийцүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Энэхүү шаардлагын хариуг ирэх сарын 5-ны дотор ирүүлэхийг гишүүд Ерөнхий сайдад мөн тавьжээ. Гэхдээ шаардлага тавьсан гишүүдийн дотор Сайд Д.Ганхуяг ороогүйг тэмдэглэе. Уг шаардлагад Оюутолгой төсөл дэх Монголын талын оролцоог нэмэгдүүлж, 51 хувьд хүргэх, мөн усны менежментийг илүү боловсронгуй болгох болон бусад заалтыг тусгажээ.

Эдгээр асуудалд “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей “Монголын Засгийн газар уг төслийг ирээдүйн үр дүнгээр нь авч үзэх ёстой гэж бодож байна. Рио Тинто компани ажлыг урт хугацааны эерэг үр дүнгээр төлөвлөж авч үздэг Засгийн газартай улс орны төслүүдэд хөрөнгө оруулахыг илүүд үздэг” гэж хариу мэдэгджээ. Тэрбээр мөн, Монгол улс төслийн 34 хувиас илүүг авч буй. 2009 онд уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш Монгол руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт 13 дахин нэмэгдсэн гэж нэмж хэлсэн байна. Төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бол Монголын тал төсөл эхэлснээс хойш гучин жилийн дараа эзэмшлийн хувь хэмжээгээ 50 хувьд хүргэх боломжтой юм.

Хэдийгээр УИХ-ын гишүүд Оюутолгой төсөл дэх Монголын талын эзэмшлийг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлсэн ч Turquoise Hill Resources компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр тэр долоо хоногтоо 15 хувиар өсч 9.10 доллар болсон юм. Улмаар дараагийн өдрүүдэд тус компанийн хувьцаа үргэлжлэн өсч 9.6 долларт хүрсэн юм. Гэсэн ч  Turquoise Hill Resources компанийн зах зээлийн нийт үнэлгээ одоогоор өмнөхтэйгээ харьцуулахад нэг дахин буураад байна. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын үед хувьцааны үнэлгээ нь үлэмж өсөх үед зах зээлийн үнэлгээ нь 20 тэрбум гаруй доллар байсан бол одоо энэ үзүүлэлт 9 тэрбум долларт хүрч буурчээ.

Зэсийн үнэ 4000 гаруй ам.доллар/тонн байх дүнд үндэслэн хийсэн зарим эдийн засгийн тооцоогоор Оюутолгой төсөл ашиглалтад орсноор улсын төсөвт жилдээ 1-2 тэрбум ам.долларыг төвлөрүүлэхээр байгаа ажээ. Монголын хэвлэлүүдээр ДНБ-ий гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг улсын төсөвт оруулна гэж ч мэдээлж байх юм. Гэхдээ Оюутолгой төслийг тойрсон бусад дагалдах ханган нийлүүлэлтийн бизнес цэцэглэснээр, энэ нь ирээдүйд Монголын ДНБ-ий гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Үүнээс үзэхэд төслийн эдийн засгийн үр нөлөөг манай улс нарийвчлан нягтлаагүй нь илт байна.

Мэдээж төслийн үр өгөөж дэлхийн зах зээлд зэсийн үнэ хэрхэн хэлбэлзэхээс шалтгаална. Зэсийн үнэ дэлхийн эдийн засгийн байдлаас үүдэн доошилж магадгүй тухайд, Камерон Макрей “Оюутолгойн үйлдвэрлэлийн зардал дэлхийн бусад оронтой харьцуулахад нэлээд доогуур байгаа нь ихээхэн давуу тал мөн”  гэж тайлбарлажээ. Өнөөдрийн байдлаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 6 тэрбум ам.долларт хэдийнэ хүрээд байгаа нь Монголын ДНБ-ий  гуравны хоёртой тэнцэхүйц болжээ. Цаашид уг төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхэд нэмж 4-5 тэрбум ам.доллар шаардагдахаар байгаа. Зарим тооцооллоор зардал үүнээс ч илүү байж мэдэхийг тодотгожээ. “Рио Тинто” төслийн хоёрдугаар үе шатанд зарцуулагдах санхүүжилтийг энэ оны сүүл гэхэд бүрэн зохицуулах тухайгаа мэдэгдсэн.

Саяхан төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлагдсан нь томоохон банк санхүүгийн байгууллагуудаас зээл авах нөхцөлийг илүү нээлттэй болгож өгч байна. Гэхдээ төслийн эрчим хүчний асуудал хараахан шийдэгдээгүй байгаа юм. “Рио Тинто” компанийн Зэсийн хэлтсийн дарга Andrew Harding өнгөрсөн сарын дундуур “Хоёр орны Засгийн газар эрчим хүч нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээр хийж байгаа. Уг асуудлыг энэ оны гуравдугаар улирлын дотор багтаан нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт тун итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ. Хэрэв Оюутолгой төслийн цахилгааныг Хятад нийлүүлэхгүй гэвэл цахилгаан станц байгуулж дуусгах хүртэл төслийн эхлэх хугацааг хойшлуулах ажээ. Хэрэв эрчим хүчний асуудал шийдэгдвэл “Рио Тинто”-д томоохон банкууд санхүүжилт олгох нь тодорхой юм.

“Рио Тинто” компанийн мэдээлж буйгаар Оюутолгой төслийн нэгдүгээр үе шат ашиглалтад орсноор ирэх жил 60-70 мянган тонн зэс үйлдвэрлэж магадгүй ажээ. Ерөнхийдөө уг ордыг ажиллуулах хугацаанд жилдээ дунджаар 425 мянган тонн зэс, 460 мянган унц алт олборлох төлөвтэй байгаа. Тус компанийн мэдээлж буйгаар, Оюутолгой төслийн орд нь 41 тэрбум фунт зэс (~18.6 сая тонн), 21 сая унц алтны нөөцтэй. Харин зэсийн хүдэрт агуулагдаж буй мөнгө, молибдени болон бусад дагалдах эрдсийн нөөцийн хэмжээ тодорхойгүй байна.

Төсөл эхлэхийн өмнө Оюутолгой төслийн 51 хувийг монголчууд эзэмших тухай санал дахин тавигдсан нь УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч мэдэхээр байна. Харин “Рио Тинто” Хөрөнгө оруулалтын гэрээг хүндэтгэнэ гэж найдаж байгаа хэмээгээд энэ зуур эргэлзсэн байр байдлаа мэдэгдүүлэхгүйг хичээж сууна.

Б.Төгсбилэгт

  • guest (180.235.163.2)
    Монголын тал төслийн эзэмшлийн хувь хэмжээгээ 50 хувьд хүргэх ёстой
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • guest (180.235.163.2)
    Монголын ард түмэн баялгаасаа илүү ихийг хүртэх ёстой
    2012 оны 10 сарын 09 | Хариулах