Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний үнэ хямралын түвшинд хүрэхэд ойрхон байна

Сүүлийн гурван сарын дотор коксжих нүүрсний үнэ эрчимтэй буурсаар 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үе рүү нэлээд ойртоод байна. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Хятадын боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 137 ам.доллар хүрсэн нь үнэндээ хямралын үе хаяанд ирсэн байж мэдэхийг сануулсан хэрэг байв. Учир нь одоогоос дөрвөн жилийн өмнө болсон дэлхийн санхүүгийн хямралын үеэр нэг тонн коксжих нүүрс 110-120 ам.долларын үнэд хүрч буурч байсан юм. Хэдийгээр Австралийн боомтууд дээрх коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ болон Хятадын боомтууд дээрх CFR нөхцөлтэй коксжих нүүрсний үнэ нь хямралын үеийнхээс харьцангуй дээгүүр буй мэт боловч олборлогч компаниудын хувьд алдагдалгүй байх боломжтой үнэ нь 150 ам.доллар/тонн гэдгийг олон улсын шинжээчид тайлбарлаж буй юм.

Нөгөөтэйгүүр коксжих нүүрс экспортлогч гол улсуудын нэг Австралид уул уурхайн салбар дахь үйл ажиллагааны зардал татвар хураамжийн нэмэгдэл болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор багагүй нэмэгджээ. Энэ нь тус улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд, тэр дундаа олборлогч компаниудад ихээхэн хүндрэл учруулж байгаа ажээ. Австралийн салбарын сайд Мартин Фергюсон саяхан уул уурхайн салбарын компаниудын үйл ажиллагааны зардал нэмэгдсэн нь тус улсын уул уурхайн салбарт орох хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн бууруулж буйг мэдэгдсэн билээ.

Үүнээс үзэхэд одоогийн нүүрсний зах зээл дэх үнэ хэдийгээр хямралын үеийн түвшинд хүрээгүй байгаа ч үйл ажиллагааны зардал нэмэгдсэн нь компаниудыг түүхий эдийн үнийн бууралтад илүү эмзэг болгож байна. Хэдийгээр коксжих нүүрсний үнэ энэ сарын эхний байдлаар ялимгүй дээшилж 140 гаруй ам.доллар/тонн болоод буй ч компаниудын “ашигтай ажиллахуйц” 150 ам.доллар/тонн-ын босгыг хараахан даваагүй байна. Монголын тухайд Сэхээ боомтод нэг тонн нүүрс 80 орчим ам.долларын үнэтэй байгаа нь сүүлийн хоёр сарын туршид өсөлт бууралтгүй хэвийн түвшинд буй үнийн үзүүлэлт юм. Гэхдээ энэ жилийн эхний хагасын байдлаар Монголын нүүрс уг боомт дээр дунджаар 95 орчим ам.доллар/тонн байсантай харьцуулахад одоогийн үнэ нь нэлээд буурсан дүн юм.  


Б.Төгс